Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг, бүс нутгийн эдийн засгийн тойм тайланг өчигдөр танилцуулав. Энэ удаагийн тайланг “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдвийн хүрээнд гаргажээ. Монгол, БНХАУ, Вьетнам, Тайланд, БНСУ зэрэг улсын эдийн засгийг сэргээхэд шаардлагатай гол бодлого, зөвлөмжүүдийг үүнд багтаажээ. Тухайлбал, манай улсын хувьд цар тахлын эсрэг авсан хорио цээрийн арга хэмжээ нь уул уурхайн болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулан, гадаад эрэлт суларснаар эдийн засаг энэ онд 2.4 хувиар агшина гэж таамагласан байна. Харин уул уурхай, боловсруулах салбарын хөрөнгө оруулалтаас шалтгаалж манай улсын эдийн засаг 2021 онд таваас дээш хувиар өснө хэмээн тооцсон гэнэ. БНХАУ-ын дотоод эрэлт сул байгаа ч хөрөнгө оруулалт болон экспорт нь нэмэгдэж, гуравдугаар сараас хойш “Ковид-19”-ийн тархалт буурснаар 2020 онд эдийн засаг нь хоёр хувиар өсөх төлөвтэй аж. Тус банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Квака “Цар тахлын нөлөө ядуу хүмүүст хамгийн хүнд тусаад зогсохгүй тэдний эгнээг тэлж буй. Бүс нутагт түүхэнд байгаагүй сорилтууд тулгарч, Засгийн газрууд бодлогын маш хүнд сонголттой нүүр туллаа. Халдварт өвчнийг оношлох, хянах чадавхыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах, ядуус, албан бус секторыг хамарсан нийгмийн хамгааллыг өргөжүүлэх шаардлагатай” хэмээв. Өргөн хүрээнд олон чиглэлийн арга хэмжээ авахгүй бол цар тахал бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дараагийн 10 жилд жил бүр нэг хувиар бууруулж болзошгүйг тайланд анхааруулжээ. Мөн цар тахлаас шалтгаалан боловсролын байгууллагуудыг хааснаар сурагчдын бодит “түвшинд” сурсан хугацаа 0.7 жилээр багассан аж. Ингэснээр ирээдүйд хөдөлмөр эрхлэлтээс олох тэдний орлого жил тутамд дөрвөн хувиар буурч болзошгүйг дурдлаа.
Бэлтгэсэн: У.Түвшинбаяр