УИХ-аас Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тогтоолыг өнгөрсөн сарын 28-нд баталсан. Үндэсний хөгжлийн газраас уг тогтоолын хоёрдугаар хавсралт буюу хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтыг цахим хуудсаараа дамжуулан, олон нийтэд өчигдөр дэлгэв. Монгол Улс дээрх хугацаанд нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах 150 багц төслийг 49.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж, санхүүжилтийн эх үүсвэрийг нь тодорхойлжээ. Хөрөнгийн оруулалтын хөтөлбөрийн 29 төслийг улсын төсвийн 3.7 их наяд төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэх нь. Мөн гадаадын зээл, тусламжийн 9.1 их наяд төгрөгөөр 70 төсөл хэрэгжүүлэх юм байна. Үүнээс гадна гадаадын зээл, тусламж, улс төсвийн хөрөнгө, Хөгжлийн банкны санхүүжилт гэх мэт холимог эх үүсвэрийн есөн их наяд төгрөгөөр 19 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Хөгжлийн банк дангаараа болон тус банк, хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилтээр 14.6 их наяд төгрөгийн 15 төсөл хэрэгжүүлэх нь. Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 10 их наяд төгрөгийн найман төсөл гүйцэтгэх гэнэ. Одоогоор эх үүсвэрийг нь хэсэгчлэн шийдвэрлэсэн гурван их наяд төгрөгийн есөн багц төсөл хэрэгжүүлж байгаа аж.