“Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн тавдугаар сард шалгаж, улмаар гэрт нь нэгжлэг хийж, албадан саатуулсан билээ. Түүнийг НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” хэрэгт яллагдагчаар тооцсон юм. Түүнтэй хамт Ж.Зоригтбаатар гэх хүнийг шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. 2016-2018 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ерөнхий захирлын албан тушаалыг хашиж байхдаа хахууль авч, тендерт оролцогч аж ахуйн нэгжийн удирдлагад давуу байдал бий болгосон хэмээн түүнийг буруутгаж буй юм билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дээрх хүмүүст холбогдох хэргийг шалгаж дуусаад тун удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа