Дорноговь аймгийн Алтанширээ сумд барихаар төлөвлөж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний ээлжийн барилга угсралтыг БНЭУ-ын “JMC projects” компани гүйцэтгэхээр болжээ. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэх аж. Дээрх компани эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажлыг хийх ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан байна. Тодруулбал, захиргааны болон гал командын байр, агуулах, засварын цех, анхны тусламжийн төв, лаборатори, ус хангамжийн систем зэргийг барих гэнэ. Энэхүү төслийг хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”, менежментийн зөвлөх, Энэтхэгийн “Engineers India limited” болон “JMC projects” компанийнхан дээрх ажлын аргачлал, зохион байгуулалт, гүйцэтгэх, хянах нарийвчилсан төлөвлөгөөг эцсийн байдлаар тохиролцсон аж. 1982 онд байгуулагдсан “JMC projects” нь дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Энэтхэг болон бусад улс оронд 50 гаруй төсөл хэрэгжүүлжээ.