Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрынхан “Аж ахуйн нэгж, иргэд өнгөрсөн онд улсын хэмжээнд 7.8 сая га талбайд хохирол учруулсан” гэж мэдээлсэн. Үүний 23 852 га талбайг нь ухаж, эвдсэн бөгөөд 2018 оныхоос 5580 га-аар илүү гэж Газрын нэгдмэл сангийн 2019 оны тайланд дурджээ. Тэдгээр газрыг геологийн эрэл хайгуул, ашигт малтмалын олборлолт, батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, барилга, инженерийн шугам, сүлжээ байгуулах, засварлах, зам засвар, үйлчилгээний улмаас доройтсон гэж ангилдаг.
Нийслэл орчмын эвдэрсэн газрын ихэнх нь барилга, инженерийн шугам, сүлжээ барих, засвар үйлчилгээ хийх ажлаас үүдэлтэй. Барилга барих нэрээр энд тэндгүй газар сэндийлж, хашаа хатгасан дүр зураг нийслэлийн нутаг дэвсгэрт энгийн үзэгдэл болсон. Нийслэл орчим дахь эвдэрсэн газар өдгөө ямар байгааг сурвалжиллаа.
Баянзүрх дүүргийн V хорооны нутаг, Жуковын музейн орчимд энд тэндгүй хашаа хатган, барилга барьж байна. Зарим хэсэгтээ барилга барих нэрээр газар ухсан ч 2-3 жил ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй аж. Жишээлбэл, Жуковын талбайгаас хэдхэн метрийн зайд газар ухаж, хашаалжээ. Ухсан нүхэнд ус тогтож, гялгар уут, хуванцар сав, ахуйн хог хуримтлагдсан харагдана. Эл газрыг хоёр жилийн өмнөөс сэндийлсэн гэнэ. Тус хорооны иргэн С.Одбаяр “Манайх энд нүүж ирээд жил гаруй болж байна. Жуковын талбайн баруун, зүүн талын авто зам нарийхан учир түгжрэл их үүсдэг. Авто зам барьж болохуйц том талбайг хоёр жил гаруйн өмнө ухаж эхэлсэн юм билээ. Нүүж ирснээс маань хойш энд өдий хүртэл ямар нэг ажил хийсэнгүй” гэв. Дээрх газарт ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, ухсан талаар манаачаас нь тодруулахад “Мэдэхгүй” гэж хариуллаа.
Дээрх газраас цааш яваад Тарвалин хийдийг зорилоо. Эл хийдийн ойр орчим тоос, шороо, барилгын хогонд дарагдаж, иргэдэд багагүй хүндрэл учруулдаг гэж оршин суугчид нь хэлэв. Орон сууцын жижүүрүүд нь өглөө (8.30 цагт очиход) автомашины зогсоол руу нурсан шороо, барилгын хогоо хүрздэж, бөөгнүүлж байлаа. Зарим нь хогийн шүүр, төмрөөр нарийн ширхэгтэй шороо, цемент шүүрдэж, тоосгоны хэлтэрхийг цуглуулах аж. Барилгын компаниудад газар ухахгүй, үүсгэсэн хогоо цэвэрлэх талаар шаардлага хүргүүлж байсан, эсэхийг орон сууцын жижүүрээс тодруулахад “Нэг барилга нь дуусах дөхөхөөр дараагийнх нь газар ухаад эхэлдэг. Ухаж гаргасан шороогоо бөөгнүүлээд, гадуур нь хашаа татдаг ч нурах тохиолдол бий. Үүнээс болж иргэдийн явдаг зам, талбай тоос, шороо, хогонд дарагддаг. Бид шаардлага тавьдаг ч үл тоох нь элбэг” гэв. Ойр орчмын 500 метр хүрэхгүй зайд 4-5 барилга шинээр барьж буй нь хэр хэмжээний газар сүйтгэгдэж байгааг илтгэх биз. Будаг нь ханхалж, өнгө нэмсэн Тарвалин хийдийг саяхан сэргээн засварласан нь илт. Гэвч ойр орчим нь хог, шороонд дарагдаж, барилгын материалын үлдэгдэл нь энд, тэндгүй хөглөрсөн нь өнөөх нүнжигтэй өнгө, будгийг нь гундаах аж. Угаас “Жуков”, “Кино үйлдвэр”-ийн хавьд шинэ барилга олноор барьж буй учир эрүүл хөрстэй газар үгүй болжээ. Сэргээн засварласан гэх Тарвалин хийдийг зорьсон иргэд ч нүхэн жорлонгоор үйлчлүүлдэг нь хөрс хэрхэн бохирдож байгааг илтгэнэ.
Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дахь “Метромолл” худалдааны төв, “Хангай”, “Хоймор” хотхон гээд өндөр барилга сүндэрлэх газарт очлоо. Гэр хороолол байсан зарим газрыг дахин төлөвлөлтөд оруулж, барилга барьж байв. Нэлээд газрыг ухаж, орчны аюулгүй байдал алдагдан, бохирджээ. Зарим иргэн газар ухаж, барилгын ажил эхлүүлэх нь ундны ус бохирдоход нөлөөлдөг гэж үздэг аж. Тус хорооны иргэн Б.Баясгалан “Манай гэрийн ойр орчимд 6-7 барилга барьж байна. Тоос, шороо, орчны бохирдол их үүссэн нь бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Нийслэл минь өнгө нэмж, шинэ бүтээн байгуулалт хийж, өндөр барилгууд сүндэрлэх хэрэгтэй. Гэхдээ газар ухаж хаячихаад барилга барих нь битгий хэл, тойруулаад хашаа ч босгохгүй байгаа нь хүүхдийн амьд явах эрхийг зөрчих боллоо. Манай гэрийн хажууханд орон сууц барихаар газар ухаж, хайрга асгасан юм. Бага хүү минь гурван настай. Өнгөрсөн долдугаар сард гэрийнхээ гадна тоглож байгаад өнөөх нүх рүү уначихсан. Газар ухсан компанийнхантай холбогдож чадаагүй, хүү минь бага зэрэг бэртсэн учир маргаан дэгдээгээгүй. Харин дараа нь хөршийн хүүхдүүд тэнд овоолсон чулуугаар тоглож байгаад нэгнийгээ гэмтээсэн гэж сонссон. Энэ мэтчилэн газар зэрэмдэглэж, аюулгүй орчинд амьдрах иргэдийн эрхийг зөрчиж буй байгууллагуудад дорвитой арга хэмжээ авдаг болох хэрэгтэй” гэв. Автомашины зогсоолын хажуугаар олс татаж, шороон замаар нь иргэд зорчдог эл газрын тоосжилт хэрээс хэтэрсэн гэж оршин суугчид нь хэлэв. Мөн “Ухсан нүхэнд унах, энхэл, донхолтой овоолсон шороонд бүдрэх нь энгийн үзэгдэл. Ус зөөхөд тэрэг нь шороонд суучихдаг учир хүүхдүүдэд хүндрэлтэй. Мөн ухсан газраас болж тойрч явсаар хол зам туулах тохиолдол ч бий” гэлээ.
Баянгол дүүргийн XVI хорооны нутагт орших Гандантэгчэнлин хийдийн өргөтгөлийн ажил 2017 оноос эхэлсэн. Тухайн үед “Аялал жуулчлалын цогцолбор гудамж” төсөл хэрэгжүүлж, гурван гудамжны 74 нэгж талбарын 1.8 га газарт түүхэн хэв маягийг хадгалсан барилга барихаар болсон юм. Өдгөө ч тус хийдийн өргөтгөлийн ажил дуусаагүй, ойр орчмынх нь газрыг барилгын компанийнхан ухсаар. Хийдийн төв хаалганаас баруун урд зүгт баригдаж буй барилга гадуураа хашаа ч үгүй, хогоо ил задгай хаяжээ. Барилгын эсрэг талын модон хашааг буулгаж, газар ухаж буй хэсэг хүнтэй таарлаа. Чухам ямар бүтээн байгуулалт хийх гэж эл газрыг ухаж байгаа талаар асуухад хариулсангүй. Цааш яваад тус дүүргийн нутагт орших “Богд ар” хорооллын урд барьж буй хэд хэдэн барилгын орчимд очив. Замын баруун талд 16, зүүнд нь 12 давхар барилга бий. Мөн л хашааны гадна талд газар ухаж, гаргасан шороогоо овоолжээ. Барилга барих нэрээр газар ухаж, зэрэмдэглэдэг аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцдог бол. Энэ талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхнаас тодруулахад “Нийслэлийн хэмжээнд эвдэрч, сүйдсэн газруудад өнгөрсөн сард шалгалт хийсэн. Эвдэрч доройтолд хамгийн ихээр өртсөн газрууд нь Хан-Уул дүүргийн нутагт байна. Зарим аж ахуйн нэгжид ойрын хугацаанд нөхөн сэргээлт хийх чиглэл өгсөн. Нарийвчилсан дүгнэлт гараагүй учир мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Өгсөн үүрэг, даалгаврыг хурдан, шуурхай биелүүлэх, эсэхийг нь тодруулахаар ямар компаниудын эзэмшлийн газар доройтсоныг асуухад мөн л мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Өнгөрсөн онд газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нэг сая гаруй бүртгэгдсэн нь 2018 оныхоос 6503-аар өссөн үзүүлэлт гэнэ. Эдгээр нь улсын төсөвт 10.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Газар өмчлөгч ийнхүү нэмэгдэж, улсын төсөвт багагүй хөрөнгө оруулдаг ч, эзэмшилдээ авсан хойноо хайхрамжгүй хандаж, олон жилийн турш сэглэж байгаа нь харамсалтай. Тэд зөвхөн газрыг зэрэмдэглээд зогсохгүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна.
2019 оны Хот, суурин газрын зохион байгуулалтын төлөвлөгөө “муу” дүн авчээ. Тодруулбал, дээрх төлөвлөгөө 44 хувь буюу “хангалтгүй” үнэлгээтэй гэж дүгнэсэн хэмээн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэдээлсэн. Газрын төлөвлөлтийг буруу хийснээс болж ийнхүү “цоллуулсан” хэрэг. Төлөвлөлтийг буруу хийдгийн нэг жишээ нь Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Удирдлагын академийн эсрэг талд байрлах 3962 ам метр талбай бүхий газрыг “Билиг” компанийн мэдэлд шилжүүлсэн явдал. Тус газраар “Оргил” рашааны ундарга урсдаг аж. Харамсалтай нь, барилга барихаар хөрсийг сэндийлснээс үүдэн рашааны ундарга газрын гадаргад гарч ирсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд буй. Газрыг хамгийн ихээр сүйтгэж, сэндийлдэг гэх “цол” хүртсэн дээрх дүүргийн жишээ үүгээр дуусахгүй. Ашиглалтад ороод удаагүй байгаа “Golden Buddha” цогцолборын хажууханд шинээр барилгын ажил эхлүүлэхээр хашаа татаж, хэсэг газрыг нь ухаад орхисон байв. Тэнд 3-4 хашаа байх бөгөөд бүгдэд нь өөр өөр барилгын ажил явагдаж байгаа аж. Нэлээд барилгынх нь ажил талдаа орсон харагдав. Харин заримынх нь ажлыг эхлүүлж, газар ухахдаа бэлдэн, машин, техникээ базаажээ. Мөн замын эсрэг талд байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн ойр орчмын замыг ч сэндийлж, хүн явахын эцэсгүй болгосон байв. Тэндхийн ажилтнаас бүтээн байгуулалтын ажил хэзээ дуусах, ухсан газраа хэвийн байдалд нь оруулж чадах, эсэхийг тодруулахад “Зам, талбай, хашлага татахаар газар ухсан юм. Хэрэв ажил саадгүй үргэлжилбэл хүйтрэхээс өмнө дуусгана” гэв.
Зөвхөн барилга барихын тулд нийслэлчүүд хэдэн мянган га газар эвдэж буй нь харамсалтай. Үүнээс харахад барилгаа барьж дуусгачихаад ойр орчимд нь нөхөн сэргээлт хийдэггүй, ногоон байгууламжийг нь мартчихдаг сурсан зангаа тавихгүй бололтой.