Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Н-ын гэрт 2019 оны наймдугаар сарын 23-24-нд шилжих шөнө гэмт этгээдүүд халдаж гэрийн эздэд хутга тулган, 12-15 см өндөр, алтан шармал Ямандаг, 15-17 см өндөртэй хүрэл Дамдинчойжоо бурхан дээрэмдсэн хэрэг гарсан юм. XVII-XVIII зуунд бүтээсэн, өв уламжилж ирсэн хоёр бурхныг 210 сая төгрөгөөр үнэлжээ. Уг хэргийг өмнө нь 2-3 удаа ял шийтгүүлж, шүүхээс онц аюултай гэмт хэрэгтэн хэмээн тооцож байсан Д.Хурц-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, Ц.Доржсүрэн нар үйлдсэнийг ЭЦА-ныхнаар ахлуулсан, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд багтсан ажлын хэсгийнхэн шуурхай илрүүлсэн юм. Тэд айлаас дээрэмдсэн бурхдаа Улаанбаатарт авчирч ченжүүдэд зарах гэж байхад нь саатуулсан бөгөөд тухайн үед нэг нь цагдаагийн ажилтан руу халдаж, зугтахыг завдсан байдаг. Дээрх гурван хүн өмнө нь хулгай, залилан гээд хэд хэдэн хэрэгт ял шийтгүүлээд, 2017 онд шинэчилсэн Эрүүгийн хуулийг мөрдсөнөөр хугацаанаасаа өмнө суллагджээ.
Гэвч суллагдсанаасаа хойш жил гаруйн дараа бурхан тахил дээрэмдсэн хэрэг ийнхүү дахин үйлдсэн аж. Тэдэнд Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.2-3.2 дахь хэсэгт заасан зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдыг дээрэмдсэн, 23.1-2.1 дэх хэсгийн “Зэвсгийн чанартай зүйл ашиглан албан үүргээ гүйцэтгэж явсан хууль сахиулагчийг эсэргүүцсэн” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Тус сум дахь Сум дундын анхан шатны шүүх 2020 оны хэргийг хэлэлцээд түүх, соёл, шашны хосгүй үнэт өв болох эртний хоёр бурхан зэвсэглэн дээрэмдсэн, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн Д.Хурц-Эрдэнэд ес, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт найман жил хорих ял оноожээ. Гэвч дээрх гурван шүүгдэгч анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг эсэргүүцэн Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд Хархорин дахь Сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс ногдуулсан ял гэм бурууд нь тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзээд хорих ялыг хэвээр үлдээв.
Бэлтгэсэн: Г.Равжаа