Энэ онд улсын хэмжээгээр 536.6 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд урьдчилсан балансаар үр тариа 513.3, төмс 237, хүнсний ногоо 113.6, малын тэжээл 109.4 тонныг хураан авахаар төлөвлөсөн. Тэгвэл өнгөрсөн лхагва гаргийн байдлаар 17.9 мянган га-гаас 23.1 мянган тонн үр тариа хураасны 21.8 мянга нь улаан буудай байв. Мөн 7.8 мянган га-гаас 104.3 мянган тонн төмс, 3.4 мянган га талбайгаас 39.6 мянган тонн хүнсний ногоо хураасан аж. Ингэснээр үр тариа хураах ажлын явц 4.7, хүнсний ногооных 35.7, төмснийх 42 хувьд хүрсэн гэв. Түүнчлэн 25.7 мянган га талбайг ангилан хадсан байна. Сүүлийн 10 хоногт цаг агаар тогтуун байсны үр дүнд ургац хураалтыг саадгүй, хэвийн үргэлжлүүлсэн бөгөөд аравдугаар сарын эхний хагаст багтаан дуусгахаар төлөвлөснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Ташрамд дурдахад, энэ онд тариалангийн талбайг өнгөрсөн жилийнхээс 20 орчим хувиар нэмэгдүүлж, ургацын хэмжээг ч 30 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа юм.