Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.09.21-24-ний өдөр нийт 1,391 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 997 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Мөн бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 39 хүн гэмтсэний 12 нь хүүхэд бөгөөд ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 4 хүний амь нас хохирсон гэв.
Мөн явган хүний гарц, явган зорчигчид зам тавьж өгөөгүй 496 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 113 жолоочийг илрүүлж, эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон хэмээн мэдээллээ.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч иргэд хорооллын дотор замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, явган хүний гарц гарамтай авто замын хэсгүүдэд явган зорчигч нарт зам тавьж өгөх, бага насны хүүхэд хаанаас ч гараад ирэх эрсдэлтэй бүст хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг багасган хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.