Улаанбаатар цахилгаан түгээх станцаас иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгааны төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс үүдэн эрчим хүчний үйлдвэрлэлд хүндрэл үүсч байгаа талаар мэдээллээ.
Энэ талаар УБЦТС-ын ТӨХК-ийн борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Б.Саранчимэг хэлэхдээ "Манайх нийт 360 гаруй мянган хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний борлуулат хийж байна. Үүнээс бид дунджаар 40 орчим тэрбумыг сард хурааж авдаг бөгөөд 70 хувийг нь хэрэглэгч төлөөд явдаг юм. Үлдсэн найм, есөн тэрбумыг нь цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийгдэж төлөгддөг.
Мэдээж өвлийн бэлтгэл байдал, эрчим хүчний найдвартай ажиллагаагаа хангах үүднээс орлогоо цуглуулж авах аргагүй байдал үүсдэг. Өнгөрсөн сарын эцсийн байдлаар бид хэрэглэгчдээс 17 тэрбумын авлагатай байна. Мөн өнөөдрийн байдлаар 15 тэрбум төгрөгийн орлого оруулчихсан явж байна. Энэ сард үйлдвэрүүд рүү гээ 30 тэрбумыг цуглуулж өгөх ёстой байгаа" гэлээ.
Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд цахилгааны төлбөрөө цаг хугацаанд нь төлж, эрчим хүчний үйлдвэрлэлд хүндрэл үүсгэхгүй байхыг тус газраас онцлон хэлсэн юм.