Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээнийг зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг: Дэлхий нийтэд цар тахалтай байгаа хэдий ч бид аялал жуулчлалын үйл ажиллагаануудаа цаг тухайд зохион байгуулах хэрэгтэй гэж үзээд онлайн олон улсын наадмыг зохион байгуулахаар боллоо. Тус наадам Жаргалантын ам буюу Чингисийн хүрээ цогцолборт энэ амралтын өдрүүдээр зохиогдоно. Энэ жилийн наадам онлайнаар зохиогдож байгаагаараа онцлог.
Монголын "Морин сур харваа" холбооны нарийн бичиг Ш.Цогтбаатар: Энэхүү "Хийморь" олон улсын морьт харвааны тэмцээн нь үндэсний спорт хэдий ч аялал жуулчлалын бүтээгдэхүүн. Монголыг дэлхийд сурталчлах спортын нэг төрөл. Энэ жил тус тэмцээн маань олон улсын морьт харваачдын холбоотой хамтарч зохиож байгаагаараа онцлог юм. Тэмцээний эхний өдөр буюу есдүгээр сарын 26-ны тэмцээнд дотоодын тамирчид өрсөлдөж, гурван төрлөөр аваргаа шалгаруулна. Иргэдийн хувьд тус тэмцээнийг очиж үзэх бүрэн боломжтой. Аялал жуулчлалын газраас УДЭТ-ын үүднээс автобусаар үйлчилнэ.
Морьт харвааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Мөнхболд: Энэ жил "Хийморь" олон улсын тэмцээн хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Ер нь жил бүр зохион байгуулагдах уламжлалт тэмцээн болж байгаа. Мөн нийслэлийн аялал жуулчлалын газраас бидэнтэй хамтарч ажиллаж дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Түүнчлэн энэхүү тэмцээнийг Монголд болдог дэлхий аваргын тэмцээн гэж үнэлдэг. Тэр ч утгаараа олон улсын морьт харвааны ДАШТ-ийг 2022 онд Монголд зохион байгуулахаар болсныг дуулгах таатай байна.