Тагнуулын ерөнхий газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийнхэн хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлуудаас БНХАУ-ын 818 иргэнийг саатуулж, улмаар 783-ыг нь албадан гаргасан. Тэднийг зохион байгуулалттайгаар Монгол Улсад авчран гэмт хэрэг үйлдэхийг санаархсан толгойлогчдынх нь нэг хэсгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлосон юм. Дундад улсын иргэн Лью Тинхуа, Жун Хуа, Еэ Тин, Жан Хунчан, Вула, Ли Жиасэнг, Ниу Жихэнг тэргүүтэй 15 хүнд НПГ-аас Эрүүгийн хуульд заасан цахим мэдээлэлд хууль бусаар халдсан, мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, элссэн, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд шилжүүлснийг бид цаг тухайд нь дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Тус шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэйгээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэж эхлэх үед шүүгдэгч Жан Хунчаны өмгөөлөгч Б.Тэнгис Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал давхацсан гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргажээ. Түүнийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүгдэгч Лью Тинхуа нарын 15 хүнд холбогдох хэргийг хэлэлцэх хурлыг ирэх сарын 12-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.
Хэргийг эргэн сануулахад, дээрх зохион байгуулагч гол хүмүүс нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр нутаг нэгтнүүдээ элсүүлэн орж ирээд, цахим төхөөрөмж ашиглан “Вичат”, “Телеграмм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд “Жи-Мобайл”, “Скайтел”, “Юнител”-ээс авсан олон тооны утасны дугаараараа хуурамч хаяг нээн, хөрөнгийн зах зээлд арилжиж буй хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаанаас ашиг олж буй мэтээр зохиомол байдал бий болгон залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа