БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОИКА)-ын буцалтгүй тусламжаар энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний нэгээр Монгол Улсын Шүүхийн шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл шалгарсан юм. Улмаар судалгааны баг нь 2020 оны I улиралд уг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж.
Тэгвэл КОИКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан, орлогч дарга Су Бу Ён нар өчигдөр тус хүрээлэнд зочилж “Ковид-19” цар тахал бүрэн намдаагүй хэдий ч долоон сая ам.доллар буюу 19 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2020-2023 онд хэрэгжих Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодист хийх шинжилгээний, Дижитал шинжилгээний, Бичиг баримт болон мөр судлалын зэрэг лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжээч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах ажлыг эхлүүлэх болсноо мэдэгдлээ. Түүнчлэн эл төслийн хүрээнд лабораториудын засвар, тохижилтын ажил, тоног, төхөөрөмж нийлүүлэх, хор судлал, мансууруулах бодис, ДНХ, дижитал, бичиг баримт, сэтгэл судлал, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, зам тээврийн ослын болон шүүх эмнэлгийн чиглэлээр албан хаагчдыг БНСУ-д сургалтад хамруулах, БНСУ-аас мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулах юм байна.