Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр УОК-ын Шуурхай штаб болон Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэгдүгээр сарын 28-наас есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 81 улсаас 22,191 иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Эдгээрийн 15,685 иргэн нь агаарын замаар, 6,496 нь авто замаар ирсэн.
Түүнчлэн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа Унгар улсын их дээд сургуулийн 120 гаруй монгол оюутнуудыг нислэгээр хүргэж өгөх асуудлыг өнөөдрийн Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр шийдлээ. Энэхүү нислэг нь Монгол Улс болон Унгар улс хооронд зорчигч тээврийн хамгийн анхны нислэг үйлдэгдсэн гэдгээрээ онцлогтой.
Харин тусгаарлах байрны нөөцийг харгалзан үзэж есдүгээр сард нислэг нэмэх эсэх асуудлыг шийднэ гэдгийг өмнө хэлж байсан. Тэгвэл есдүгээр сарын 28-ны өдөр Казахстан улсын Алматы хот руу "Хүннү Эйр" компанийн тусгай үүргийн онгоц нисэхээр болсон.
Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг ААН болон байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд удаа дараа хүсэлтээ тавьсаар байгаа. Наймдугаар сард нэг нислэгээр гадаадын иргэдийг авч ирж байсан. Үргэлжлүүлэн энэ сарын 29-ний өдөр байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаадын 200 орчим иргэнийг тусгай үүргийн нэмэлт нэг нислэгээр авч ирэх шийдвэр гарсан. Эдгээр иргэдийг Рамада, Новотел зочид буудалд тусгай үнээр тусгаарлах ажлын бэлтгэл ажлыг хангаж байна.
Мөн аравдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг бид Монгол Улсын шадар сайд бөгөөд УОК-ийн даргад батлуулсан. Урьдчилсан хуваарийг өнөөдөр танилцуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 10,600 орчим иргэд байгаа. Зарим иргэдийн хувьд хүсэлтээ хойшлуулж байгаа тохиолдлууд байгаа учир 10,600 нь бодит тоо биш. Түүнчлэн 10,600 орчимоос 5,600 иргэн БНСУ-аас буцах хүсэлтэй байгаа учраас тус хүсэлтийг харгалзан аравдугаар сард Сөүл хотоос урьдчилсан долоо удаагийн нислэг үйлдэх шийдвэр гарсан" гэсэн юм.