Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн газар, объектыг хэсэг бүлэг хүн хууль бусаар өмчилсөн байсныг Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хэлэв. Гүйцэтгэх засаглалын тэргүүн биеийн тамир, спортын салбарынхантай өчигдөр уулзахдаа БХТН-ийн зарим салбарын үйл ажиллагаатай танилцсан юм. 90 жилийн түүхтэй тус нийгэмлэг 1930-1990-ээд онд 21 аймгийн хүүхэд, залуусыг сурган, бие бялдрыг нь хөгжүүлэх, цэргийн насныханд эх оронч төлөвшил олгоход ихээхэн тус нэмэр болсон билээ. Тодруулбал, буудлага, авто болон мото, шүхэр, морин спортыг хөгжүүлэх гол суурь бааз энд зангидагдаж байв. Гэвч өдгөө хувийн хэвшилд шилжүүлж, эд хөрөнгө нь хомхой сэтгэлтнүүдийн гараар орон дуусжээ. Энэ тухай “Өнөөдөр” сонин 2019 онд сүүлчээс хөндөж, 10 орчим нийтлэл, ярилцлага, мэдээллийг цувралаар гаргасан юм. Энэхүү цуврал нийтлэл салбарынхны анхаарлыг татсан. Тэгвэл өчигдөр Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага БХТН-ийн 20 га газар, 21 аймаг дахь салбарын өмч хөрөнгийг улсын мэдэлд буцаан авахаар хууль, хяналтын байгууллагад албан ёсоор хандах болсноо хэллээ. Түүгээр барахгүй тус газарт Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн төв, 350 хүүхдийн багтаамжтай, дотуур байр бүхий спортын сургууль байгуулах төсөл боловсруулснаа ч дуулгав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид их спортод анхаарлаа хандуулж, нийтийн биеийн тамирыг орхигдуулжээ. БХТН-ийг төрийн мэдэлд эргүүлэн авч, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд анхаарна. Сайн төсөл санаачилжээ. Заавал хэрэгжүүлээрэй” гэв. 1929 онд байгуулсан тус нийгэмлэгт социалист орнууд ихээхэн хандив, тусламж өгсөн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал Ж.Жамъян хүсэлт гаргаж, ЗХУ-ын БХТН буюу ДОСААФ-ын дарга А.И.Покрышкины дэмжлэгээр Авто жолоодлогын, Зүүн Германы тусламжтайгаар буудлагын, унгарчуудын дэмжлэгээр радио станцын, Чехийн ард түмний тусламжаар мото спортын төв байгуулсан. ЗХУ-аас эдгээр төвд ашиглах техникийг бэлэглэсэн түүхтэй. Харамсалтай нь, 1996 онд тус нийгэмлэгийг хувийн хэвшилд хууль бусаар шилжүүлснээс 21 аймаг дахь салбарынх нь үйл ажиллагаа доголдож, жолооны курсээс өөрөөр үйл ажиллагаа явуулахгүй шахам болсон.