Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь ихэссээр байгаа. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Шинэбаатар хэлэхдээ "Зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 500 гаруй хүний амь нас хохирдог. Үүнээс 50 орчим хувийг бага насны хүүхэд эзэлдэг.
Тухайлбал, Өнгөрсөн онд 849 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн осолд 335 хүүхэд өртөж, 51 хүүхэд амь насаа алдсан байна. Мөн хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор есдүгээр сарын нэгнээс 15-ны хооронд нийт 42 хүүхэд их бага хэмжээгээр гэмтсэн. Өөрөөр хэлбэл, цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг карантелсантай холбоотойгоор зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоо харьцангуй буурсан.
Гэсэн хэдий ч эцэг эхчүүд хүүхдээ өөрсдийн эзэмшлийн хашаа хороо болон нийтийн эзэмшлийн талбайд санамсаргүйгээр тээврийн хэрэгслээр дайрах тохиолдол үүсч, нийт 21 хүүхдийн амь нас хохирсон. Мөн орон нутгийн замд 16 хүүхэд зорчигч хэлбэрээр явж байгаад хамгаалалтын бүсгүй хэрэглээгүйн улмаас тухайн автомашинаас шидэгдэх, мөргөх тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Түүнчлэн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-д 10 хүртэлх насны хүүхдийг бүх шатны боловсролын байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагчгүйгээр хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар заасан байдаг. Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "Бяцхан зорчигч" арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ байнгын хараа хяналттай байлгахыг анхааруулж байна" гэсэн юм.