Өнөөдөр Монголын худалдаачдын холбооноос зөрчлийн тухай хууль болон тамхины тухай хуулийг эсэргүүцсэн шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарт хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2,000 гаруй ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчид байдаг. Гэвч эдгээр иргэд зөрчлийн тухай хууль болон тамхины тухай хууль гарч эхэлснээс хойш өдөрт 250-300 мянган төгрөгөөр торгуулдаг гэсэн мэдээллийг өглөө.
Энэ талаар МҮХХ-ны тэргүүн З.Пунсалдулам хэлэхдээ "Өнөөдөр худалдаачид төрдөө хаягдчихсан байна. Тайван худалдаа наймаагаа хийгээд байж байтал тамхи зарсан орлогыг хураана. Өөрийнхөө бодол санааг хэлсний төлөө зөрчлийн тухай хуулиар торгоно. Бид олон жил дуугүй тэвчиж ирлээ. Өнөөдрөөс тэмцэнэ. Тамхины тухай хуулийг санаачилсан улс төрчид нь өнөөдөр төрийн ордондоо архи, согтууруулах ундаа болон тамхиа хэрэглэчхээд 50,000 төгрөгөөр л торгуулдаг.
Харин энгийн нэгэн худалдаа эрхлэгчид бид өдөрт 250 мянган төгрөгөөр торгуулдаг энэ шударга бус байдлыг халах хэрэгтэй. ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчид болон бусад худалдаа наймаа эрхлэгчдийг зөрчлийн тухай хууль үйлчлээд бусад хүмүүст нь үйлчилдэггүй байж болохгүй. Тиймээс бид Ерөнхий сайд болон Хотын даргын үүрэг гүйцэтгэгч нарт шаардлага хүргүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.
Мөн ТҮЦ-ийн худалдаа эрхлэгч нарын зүгээс өдөрт цагдаа нар нэг л удаа торгодог байтал хоёр, гурван цагдаа нар дарааллан ирж торгодог. Мөн торгуулийн хуудас нь ямар ч гарын үсэггүй байдаг хэмээн ярилаа.