Өвөл нар бараг үздэггүй, байнга мөстөж, халтиргаа үүсдэг зарим замыг гулгаанаас урьдчилан сэргийлэх бодисоор хучиж эхэлснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Зориулалтын бодисыг замын зарим хэсэгт түрхсэнээр халтиргаа үүсэхээс сэргийлдэг хамгаалалт бий болдог аж. Иргэд нийтийн тээврийн хэрэгсэлд суухдаа халтирч, бэртэхээс сэргийлэхийн тулд автобусны 24 зогсоолын нийт 3956 ам метр талбайг энэ удаа хучих аж. Үүнд Энхтайвны болон Чингисийн өргөн чөлөөний дагуух автобусны буудлуудыг хамруулах гэнэ. Одоогоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Ажилчдын соёлын ордон, 120 мянгатын автобусны буудал “барьцалдуулагчтай” болжээ.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өмнө нь Тасганы овооны, Гэсэр сүмийн уулзвар, Нарны гүүр зэрэг нийт долоон байршлын замд автомашин халтирахаас сэргийлэн ийм арга хэмжээ авсан.
Бэлтгэсэн: М.Оч