Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлыг дахин боловсруулах, аймаг, сумын төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, хог боловсруулах үйлдвэрийг үе шаттайгаар байгуулах тухай тусгасан.
Энэ хүрээнд БОАЖЯ-ны Орчны бохирдлыг буруулах үндэсний хорооноос энэ сарын 14-ны өдөр хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах (преслэх) төхөөрөмжийг 21 аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн билээ. Гэвч тус хог пресслэгч машины үнэ өртөгийн талаар маргаан үүсч, БОАЖЯ-ны сайд, дарга нарыг мөнгө завшсан хэмээн хардсан шүүмжлэл гарсан юм.
Дээрх асуудалтай холбоотойгоор БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэлээс тодруулахад "Би үүссэн шүүмжлэлтэй холбогдуулан тус ажлыг хариуцсан хүмүүс болон аж ахуй нэгжтэй нь уулзсан. Хог пресслэгч машин нь гар хийцийн, үйлдвэрийн зэрэг хүчин чадлаасаа хамаараад өөр, өөр үнэтэй байдаг юм байна. Мэдээж дээрх асуудалтай холбоотойгоор үнэлгээний хүмүүс болон мэргэжлийн хүмүүс нь ажилласан.
Түүнээс гадна энэ асуудал бол зөвхөн пресслэгч машины асуудал биш юм. Тээвэрлэлт, суурилуулалт, гааль, нөатийн татвар орно. Хамгийн гол нь хуванцар сав болон лааз, гялгар уутыг шахаж, жижиглэн савлаж бага оврын болгох үүрэгтэй тул тус пресслэгч машины хүчин чадал их чухал.
Өнөөдөр хог хаягдалд 10-15 хувийг нь хуванцар савнууд эзэлдэг гэсэн тооцоолол бий. Тэр ч утгаараа хөдөө орон нутагт хуванцар савыг боловсруулах үйлдвэр байхгүй. Хот руу оруулж ирэх гэхээр овор хэмжээнээсээ хамаараад тээвэрлэлтийн зардал нь өндөр гардаг.
Тийм учраас 21 аймаг болон тусгай хамгаалалттай газруудад хуванцар эдлэлүүдээ овор хэмжээг нь багасгаад хог боловсруулах үйлдвэрүүддээ авчрах боломжийг бүрдүүлсэн юм. Энэ гарч байгаа шүүмжлэлүүд бол судалгаа тооцоогүй, гүтгэлгийн чанартай, БОАЖЯ-ны үйл ажиллагааг харлуулах гэсэн хандлага гэдгийг та бүхэнд хариуцлагатайгаар хэлье" гэсэн юм.