Хэнтий аймагт аялал жуулчлалын зургаан цогцолбор барих төслийн хэлэлцүүлэг өнөөдөр "Blue Sky” зочид буудалд болж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар 2018 оноос эхлэн Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгох зорилт тавьж, тус аймагт түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборыг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн.
Тухайлбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд "Монголын нууц товчоо" цогцолбор, Биндэр суманд "Их хуралдай" цогцолбор, Норовлин суманд "Шихихутаг" цогцолбор, Батноров суманд "Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө" цогцолбор, Бэрх тосгонд "Далд уурхайн музей" төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Тус таван цогцолборыг 38 сая долларын улсын хөрөнгө оруулалттайгаар барихаар шийдвэрлэжээ. Харин Азийн хөгжлийн банкны 19 сая долларын хөнгөлөлттэй зээлээр "Тогтвортой аялал жуулчлал" төслийн хүрээнд "Их эзэн Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборыг Дадал суманд байгуулах ажлыг эхлүүлжээ.
Түүнчлэн, цогцолбор баригдсанаар олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчид төдийгүй хүүхдүүдэд Монголын түүх, соёлыг үнэн зөвөөр таниулах, сурталчлах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог гэв.
Дээрх төслийн талаар БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл "2019 онд Монгол Улс 577 мянган жуулчин авсан. Харин энэ онд коронавирустэй холбоотойгоор аялал жуулчлалын салбар харьцангуй зогсонги байдалд орсон. Өнөөдөр 88 мянган ажлын байрыг бий болгодог аялал жуулчлалын салбарын ажлын байр энэ онд коронавирусээс болоод 30 хувь буурсан.
Гэвч манай салбар зогсонги байдалд орсон гэхээс илүүтэй жуулчдыг хүлээж авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд 16,000 мянган зочлох үйлчилгээний чиглэлээр сургалт явуулах, зургаан аялал жуулчлалын цогцолбор барих гэсэн хоёр том ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Өнөөдөр манай улсад 577 мянган жуулчны 11 хувь нь түүхэн аялал жуулчлалыг сонирхдог. Тэр утгаараа Чингис хаантай холбоотой бодит цогцолбор байдаггүй. Тиймээс Хэнтий аймгийг түүхэн аялал жуучлалын бүс болгож цогцолбор барих гэж байгаа юм" гэлээ.
Ташрамд дурдахад,Монгол Улс "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн баримт бичигт аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож УИХ-аар баталсан бөгөөд Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөн суулгасан. Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам байгалийн болон түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон байна.