Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад Цагдаагийн ерөнхий газар, дүүргийн Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран хяналт шалгалт явуулжээ. Шалгалтын хүрээнд нийт 12 буудлыг шалгасан байна.
Шалгалтаар дэн буудлуудын зочдын өрөөний талбайн хэмжээ стандарт заасан хэмжээнээс бага, орны гудас матрас болон цагаан хэрэглэлүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлчлүүлэгчийн тоогоор гарын алчуургүй, ариун цэврийн өрөөнд нэг удаагийн оо,сойз, саван, шампунь хангалтгүй, нэг удаагийн хэрэгслийн шинжилгээний бичиггүй, ажилчид ажлын хувцасгүй, цэвэрлэгээнд халдваргүйтгэлийн бодисыг зааврын дагуу тогтмол хэрэглэж хэвшээгүй, өрөөнүүдийн өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй үр дүн гарчээ.
Түүнчлэн шалгалтад хамрагдсан 12 газраас гурван дэн буудал нь засвартай байсан. Хяналт шалгалтаар зөрчилтэй байсан гурван дэн буудлын үйл ажиллагааг зогсоох санал өгч мөн хоёр дэн буудалд ЗТХ-ийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өгсөн гэв.