Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд гарсан зарим асуудлаар албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр НМХГ-ын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Наймдугаар сарын 27-ноос эхэлж PC тоглоомын газрын хүсэлтийн дагуу үе шаттайгаар нээсэн. НМХГ, цагдаагийн байгууллагатай хамтран байнгын шалгалт хийж байна. Нийт 47 газарт хяналт хийх явцад 44 зөрчил илрүүллээ.
Найман иргэнд 1,5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Дээрх үйлчилгээний газруудад бид байнга хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл торгох шийтгэл оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Түүнчлэн байгууллагуудын үйл ажиллагаа удаан хугацаагаар зогссон учраас их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэхийг зөвлөж байна" хэмээв.
Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Коронавируст халдвартай холбоотойгоор Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос энэ оны есдүгээр сарын 14-ны өдөр хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс өчигдөр орой хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хурлын хүрээнд цар тахалтай холбоотой Засгийн газар болон УОК-ын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний талаар авч хэлэлцлээ. "Ковид-19" цар тахлын хүрээнд Нийслэлийн Онцгой комиссоос тодорхой хязгаарлалтуудыг авч ажилласан.
Эхний хагас жилд цар тахлыг дотооддоо тархаахгүй байх хязгаарлалтуудыг нэлээд хийсэн. Харин сүүлийн зургаан сарын сүүлээр мэргэжлийн байгууллагуудын гаргасан эрсдэлийн үнэлгээнд тулгуурлаж, Засгийн газар, УОК-ийн шийдвэрийн хүрээнд үе шаттайгаар халдвар хамгаалалтын дэглэмийг сахиулж ажиллаж ирсэн.
Өчигдрийг хүртэл нийт 1,200 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээсэн. Мөн 11,000 гаруй ажиллагсдын орлогыг нэмэгдүүлсэн байна. Нийт баар, цэнгээний 81 байгууллага өнөөдрөөс нээгдэж, үйл ажиллагаагаа явуулна. Үйл ажиллагаагаа нээж байгаа аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөж ажиллахыг анхааруулж байна" гэлээ.
Харин Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр хэлэхдээ "Коронавируст халдвараар өвчлөөд, эдгэрээд, эмнэлгээс гарсан хүмүүс гэрийн 14 хоногийн ажиглалтад байна. Харин коронавирус тусаагүй, 21 хоног карантинд байсан иргэдийн 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцалсан. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг гадуур олон нийтийн газраар авч явахгүй байх, хүүхдүүддээ амны хаалт зүүлгэх, анги танхимыг ариутгах, агааржуулах, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагах хэрэгтэй.
Мөн хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгээс ирэх тохиолдолд гарыг нь сайтар угаалгаж, дархлааг нь дэмжих шимтэй, илчлэг сайтай хоолоор хангах хэрэгтэй. Томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотойгоор коронавируст халдвар давхар хүндрэх магадлал өндөр байна. Тиймээс эцэг, эхчүүд, насанд хүрэгчдийн хариуцлага хоёр дахин нэмэгдэж байна" гэдгийг онцоллоо.