Оймсондоо хахуулийн маш их хэмжээний ам.доллароо чихэж байгаа бичлэг нь олны дургүйцлийг төрүүлж, Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг эргэн харж, өөрчлөхөд хүргэсэн, МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 09.00 цагт хэлэлцэхээр товлосон ч дахиад хойшлуулав. Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан болон тус газрын албан тушаалтнууд болох Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийг өмнө нь наймдугаар сарын 28-нд хэлэлцэх байсан ч өмгөөлөгч нараас нь шалтгаалж өчигдөр хэлэлцэх болсон. Энэ удаа ч бас шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал давхардсан шалтгаанаар хойшлуулсан юм. Түүнчлэн уг хэргийн холбогдогч Д.Төмөрбаатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс энэ сарын 21 хүртэл хойшлуулах захирамж шүүгч гаргажээ. Тиймээс Д.Төмөрбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор болсон байна.
Хэргийг эргэн сануулахад, 2017 онын есдүгээр сард МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайхан албан өрөөндөө 8600 ам.долларын хахууль авч, АТГ-ынхныг ороход оймсныхоо түрийнд чихсэн билээ. Улмаар тухайн шөнөдөө хууль сахиулагчид гэрт нь нэгжлэг хийгээд 230.8 сая төгрөг, 152 177 ам.доллар, 77 000 юань хураан авч баримтжуулсан. Харин МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн гэрт нь нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг, 20 000 юань эд мөрийн баримтаар хураан авсан билээ. Шалгалтын явцад Э.Аззаяа, Н.Баярсайхан нар улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах аргаар нэг тэрбум орчим төгрөгийг авлига авсан болох нь тогтоогдсон юм.
Уг нь авлига, албан тушаалын хэргийг шүүх хурлыг нээлттэй хийдэг. Харин дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун хаалттай хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Учир нь гүйцэтгэх ажлын шугамаар авсан мэдээллийг ярих тул ийн хэлэлцэх гэнэ. Уг нь тухайн хэсгийн нотлох баримтыг шинжлэн судлахдаа хаалттай хэлэлцээд, бусдыг нь нээлттэй байлгах боломж бий билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа