Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк хамтран “Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн зургаан дүүргийн 600 гаруй хэсгийн ахлагч, орон тооны бус ажилчид хамрагдав.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өдөрлөгийг нээж үг хэлэхдээ, “2019 оны 10 дугаар сард НҮБ-ын ассамблейгаас 9 дүгээр сарын 7-ны өдрөөс “Цэвэр агаартай цэлмэг тэнгэр” өдрийг тэмдэглэж эхэлсэн. Энэ олон улсын өдөрт манай улс нэгдсэн. Бүх нийтлэг үйлчилгээний болон мэдээлэл инновацын төв гээд нийт 11 газарт ногоон зээлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн халаалт, дулаалгын хэрэгслийг иргэдэд зориулан сурталчилж байна. Өдөрлөгөөр ногоон зээлийн бүтээгдэхүүнийг ямар шалгуур нөхцөлөөр, иргэдэд ямар бүтээгдэхүүн нийлүүлж болох тухай хэсгийн ахлагч, орон тооны бус ажилтнуудад мэдлэг олгохыг зорьсон.
Ингэснээр иргэн, банк хоорондын уялдаа холбоо сайжирч, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой. Агаарын бохирдол гэдэгт зөвхөн утааг ярихгүй, нөхцөлдүүлж буй хөрсний бохирдол, ногоон байгууламжийг цогцоор нь ярих шаардлагатай. 10 дугаар сарын 7-ныг хүртэл иргэд нийтлэг үйлчилгээ, мэдээлэл инновацын зургаан төвд очоод 20 гаруй компанийн “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнтэй танилцан, хөнгөлөлтийн шалгуураар авч болно” хэмээлээ.
Өдөрлөгт нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Алтанзул “Агаарын бохирдлын өнөөгийн төлөв байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Хас банкны Эко банкны хэлтсийн дарга Г.Туул “Ногоон зээлийн хэрэгцээ, шаардлага” сэдвээр илтгэл тавив. ШУТИС-ын Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр “Цахилгаан халаагуурын шийдлүүдийн танилцуулга” сэдэвт сургалт явууллаа. Мөн Дулаан шийдэл төслийн санхүүгийн зуучлалын зохицуулагч Т.Уламбаяр “Амины орон сууцны дулаалга, ач холбогдол”, Хас банкны Эко банкны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батсанаа “Хас банкны Эко хэрэглээний зээлийн шалгуур” сэдвээр мэдээлэл хүргэлээ.