Агаарын бохирдолтой холбоотой мэдээллийг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өглөө. Тэрбээр "Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2025 он хүртэл нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулна гэж заасан байдаг. Ирэх дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах боломжтой. Энэ жил сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, галлагааны горимд өөрчлөлт оруулснаар агаарын бохирдлуудын тодорхой үзүүлэлтүүдийг 50 хувь хүртэл бууруулсан.
Нийслэлийн хэмжээнд 700 гаруй халаалтын зуухыг утаа шүүгч суурилуулах төвлөрсөн дулаан хангамж цахилгаанд холбосон. Үүний үндсэн дээр 78 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бодитойгоор бууруулж чадсан. Өмнө бид 1.1 сая тонн түүхий нүүрсийг хэрэглэдэг байсан бол галлагааны горимд өөрчлөлт орсноор өнгөрсөн өвөл 524 мянган тонн сайжруулсан түлшийг хэрэглэсэн. Энэ бүх хүчин зүйл агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулахад нөлөөлсөн гэж" хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Урьд шөнө нийт найман өрхийн 25 иргэн угаартсан дуудлага ирсэн байна. Үүнээс есөн хүүхэд, 16 том хүн угаарын хийн хордлогод өртсөн. Мөн дуудлагаас харахад бороо орж байхад яндангаа буулгасан тохиолдлууд гарч байна. Тиймээс иргэд бороо орсон тохиолдолд болон ер нь ямар ч тохиолдолд өрхөө бүтээж болохгүй.
Түүнчлэн айлууд угаар мэдрэгч төхөөрөмжийг ашиглахгүй тохиолдол их байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 2,200 орчим айл угаар мэдрэгчээ ашиглаагүй гэсэн мэдээлэл авсан. Эдгээр айлууд үнэхээр угаар мэдрэгч аваагүй, тухайн тарааж байх нөхцөлд байхгүй байсан талаар бид судалж, угаар мэдрэгчгүй айлуудад нөхөж тараана. Ер нь есдүгээр сараас 10 дугаар сар хүртэл угаарын хий их байдаг. Тиймээс иргэд анхааралтай байх хэрэгтэй" хэмээв.
Ташрамд дурдахад, нийт улсын төсвөөр 200 гаруй мянган айл өрхөд угаар мэдрэгч худалдаж авч, НЗТГ-т хүлээлгэн өгсөн бөгөөд нийтдээ 15,000 гаруй угаарын хийг суурилуулаад ажиллаж байгаа аж.