Өнөөдөр Монголын Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Монгол машин байгууламж" ХК-ны үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуун хэлэхдээ "Өнөөдөр Засгийн газар дотоодын автобус үйлдвэрлэлийг дэмжихгүй, БНХАУ-аас 1,200 автобусыг оруулах гэж байна.
Тодруулбал, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, үндэсний аж үйлдвэр, шинэ технологи, инновацийн салбараа хөгжүүлэх замаар ард иргэддээ тогтвортой ажлын байр, орлоготой болгох зорилгоор УИХ-аас
- Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаарх баримтлах бодлого-2010
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-2012
- Ногоон хөгжлийн бодлого-2014
- Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030
- ЗГ-ын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүд батлан гаргаж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт өгч ирсэн.
Тус бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор олон хууль, эрхзүйн актуудыг гаргасан хэдий ч төрийн бодлогын эсрэг, хууль эрхзүйн олон актуудыг зөрчиж "Сити павлик транспорт корперэйшн" ХХК-ийн захиалгаар 1,200 цахилгаан автобус, 250 сургуулийн хүүхдийн автобус худалдан авах гэрээг БНХАУ-ын Ying Long компанитай байгуулсан байна.
Гадаадаас оруулж ирэх 1,200 автобус нь 242,553 долларын үнэтэй бол бид дотооддоо 195,000 доллараар угсарч үйлдвэрлэдэг. Тухайлбал, бидний дотооддоо үйлдвэрлэсэн "Ч1: 5 шар-Офицеруудын ордон" чиглэлд үйлчилж байна. Энэ автобус нь 194 мянган ам.долларын өртгөөр бүтсэн. Гэтэл манай үйлдвэрлэж байгаа автобусаас 40-100 мянган ам.доллароор илүү үнэтэй автобусыг Хятадын хөгжлийн банкны зээлээр авах гэж байна" гэсэн юм.
Үргэлжлүүлэн тэрбээр "2006 оноос хойш 300 гаруй тээврийн хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэсэн байна. Монгол инженерүүд юм бүтээж, хийж чаддагийн нэг жишээ нь троллейбус юм. Эдгээр троллейбус нийтийн тээврийн үйлчилгээнд 12 жил явж, стандартын хугацаагаа дуусгалаа. Мөн дараагаар нь цахилгаан автобус угсарч, хоёр жилийн хугацаанд туршилтад оруулсан.
Энэ асуудалтай холбоотойгоор нийслэлийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ өгнө.
Учир нь "Ямар ч тендер зарлаагүй. Концессын гэрээгээр хийх тул улсын төсөвт хүндрэл учруулахгүй гэж байгаа боловч ирээдүйд бид татварын мөнгөөрөө нэг их наяд төгрөгийн төлбөрийг төлнө. Хэрэв үүнийг үндэсний үйлдвэрлэгчдээр хийлгэсэн бол энэ хэмжээний мөнгө эх орондоо үлдэж, 500 гаруй ажлын байрыг бий болгох байв. Цахилгаан автобус жилд долоон сая төгрөгийн дотоодын эрчим хүчийг хэрэглэдэг бол дизель хөдөлгүүртэй автобус нь жилд 43 сая төгрөгийн импортын түлш хэрэглэдэг" хэмээв.