Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутагт 11 га талбайд улиас, хайлаас, бургас, заг, сухай, шар хуайс, чацаргана, алим, чавга, лийр зэрэг 18 төрлийн мод, бут, жимс, жимсгэнэ тарьжээ. Эл талбайд өдгөө 20 см хэмжээтэй суулгацаас авхуулаад 25 метр өндөр модод бий бөгөөд нийт 10 сая орчим модтой ойн зурвас юм. 20 жилийн өмнө цагаан тал байсан газрыг ийнхүү ногооруулж, “Үр жимс” хоршоог байгуулсан Байгаль орчны гавьяат ажилтан, ойн инженер Д.Цэндсүрэн болон тус хоршооныхны хөдөлмөр, бүтээлийг бид онцоллоо. Өдгөө “Үр жимс” хоршоонд хавар, намарт буюу ид ачаалалтай улиралд 10, бусад үед нь 5-6 хүн мод үржүүлгийн ажил эрхэлж, чацарганын ургацаараа шүүс, тос хийж борлуулж, Ховдыг төдийгүй ойролцоох аймаг, сумдыг мод, жимсээр хангаж байна.
Биднийг дээрх ойн зурвас, мод үржүүлгийн талбайд очсон өдөр (өнгөрсөн наймдугаар сарын 21) ажил оволзож байв. Тэднийх бургас, улиас, гацуур, нарс, шинэс, шар хуайс, заг, сухай зэрэг мод, чацаргана, лийр, интоор, чавга, бэсрэг алим, үхрийн нүд тариалдгийг дурдсан. Дийлэнх жимс боловсорч, хураах хугацаа нь өнгөрсөн тул модод нь нүцгэрсэн байв. Харин газарт цөөнгүй жимс “хэвтэж” байсанд “Түүгээд, тэр худгийн усаар угаагаад идчих, миний дүү” хэмээн Д.Цэндсүрэн хэлэнгээ, зай завсаргүй шахам нисэх шумуулыг алчуураараа үргээн зогсоно. Ховдод жилийн энэ үед, ялангуяа мод, ургамал ихтэй, чийглэг орчинд шумуул маш их гардаг. Тус аймагт тариалдаг бэсрэг алим, чавга нь амт шимтэй, экологийн бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай. Зах, дэлгүүрийн лангуунд тавихаас өмнө талбайгаас нь иргэд авчихдаг гэнэ. “Үр жимс” хоршооныхны тарьсан жимснүүдийг ч боловсорч гүйцэнгүүт нь талбайгаас нь, бөөнд нь худалдан аваад дуусдагийг тэд онцолсон. Бэсрэг алимны 10-аад сорт бий бөгөөд тэднийх гурван сортын алим, нэг янзын чавга тариалдаг юм байна. Чавга, бэрсэг алим тарих хамгийн таатай үе нь дөрөвүгээр сарын дундаас хойших нэг сарын хугацаа гэнэ. Улмаар наймдугаар сарын 15-ны орчимд ургацаа хурааж дуусдаг аж.
Лийр, интоороо ОХУ-ын үрээр бага талбайд нутагшуулсан бөгөөд ургац төдийлөн их авч эхлээгүй тул тун хурдан зарчихдаг гэдгээ Д.Цэндсүрэн дурдаж байв. Нэг га талбайгаас хураасан жимснээс олох орлого мөн ийм хэмжээтэй талбайд үржүүлсэн модны борлуулалтаас илүү бөгөөд хот, хөдөөгийн иргэд жимс авах дуртай, эрэлт ихтэй гэнэ. Мөн гурван га талбайд чацаргана тарьдаг юм байна. Чацаргана түүх хугацаа болоогүй учраас модод нь шаргалтаж харагдана. Ховд нутагт эрт дээр үеэс зэрлэг чацаргана ургадаг байсан бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд нь 50-60 жилийн өмнөөс нутагшуулан, усалгаатай талбайд тарьж эхэлжээ. Тэнд ургасан чацаргана Увсынхаас дутуугүй тослогтой, шимт чанар ихтэй төдийгүй хэт гашуун биш чихэрлэг амттай гэнэ. “Үр жимс” хоршоо чацаргана боловсруулах жижиг оврын үйлдвэртэй юм байна. Өдөрт 500-600 кг-ыг цэвэрлэж, шахан тос, шүүс хийдэг байжээ. Тэгвэл энэ жил үйлдвэрээ өргөтгөн, өдөрт хоёр тонныг боловсруулах хүчин чадалтай болгохоор шинэ тоног, төхөөрөмж суурилуулж, байрыг нь засаж бэлтгэсэн аж. Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслөөс 60 сая төгрөгийн зээл авч, ийнхүү үйлдвэрээ өргөжүүлснээ Д.Цэндсүрэн дурдсан юм. Чацарганын шүүсийг 100 граммаар савлан, ерөнхий боловсролын сургуулиудын үдийн цайнд өгдөг аж. Одоо бол үйлдвэрээ өргөтгөсөн учраас нэмж чацаргана худалдан авч, 50 граммаар савлан, сургуулиудад өгдөг хэмжээгээ ахиулж, борлуулалтаа өсгөхөөр төлөвлөсөн гэнэ. Түүнчлэн гурван хүнийг улирлын чанартай ажлын байраар хангах болжээ. Цаашид жимсний талбайгаа өргөтгөж, ургацын хэмжээгээ өсгөж чадвал бүх төрлийн жимсний шүүс хийн, орон нутгийнхаа иргэдийн хүнс, хүүхдүүдийн үдийн хоолны нэмэлтэд өгөх зорилготой аж.
“Үр жимс” хоршооныхон болон Д.Цэндсүрэнгийн эн тэргүүний ажил, 1999 онд 10 гаруй га талбайг аймгийн Засаг даргаас “гуйж” авсны зорилго нь мод үржүүлэг, ойн зурвас байгуулж, улмаар өтгөн ойтой болох юм. 20 орчим жилийн өмнө цагаан тал байсан газрыг өдгөө ногоон ойгоор бүрхсэн нь бэлхнээ харагдаж байна билээ. 1999 онд эл газрыг эзэмших эрхтэй болоод хогийн цэгээс төмөр цуглуулж хашаа хийн, Дархан-Уул аймгаас улиас, хайлаас, бургасны нэг тохой хэрийн өндөр, 10 000 суулгац авчирч тарьжээ. Тухайн үед өдрийн 500 төгрөгөөр 2-3 хүн хөлслөн авч, ажлаа эхлүүлж байсан аж. Тохой хүрэхгүй өндөртэй суулгац учраас 10 000 ширхгийг тарьчихаад байхад ч том хэмжээний талбайд даанч сүргүй харагдаж байж. Тиймээс зарим хүн “Иймхэн юм хийх гэж тийм том газар авч, ус татуулж, ажил удаж суух ч гэж” хэмээн шоолж байсан удаатай гэнэ. Өдгөө ойн зурвасаа гүний хоёр худгаасаа усалдаг ч тухайн үед 20 орчим км-ийн алсаас Буянт голоос төмөр хоолойгоор ус татах ажил нь бэрхшээл, хэл ам дагуулсныг дурсаж байсан. Учир нь Буянт голын усыг хувийн эзэмшил рүү татаж, эзгүй газарт ус “шахаж”, үрэн таран болгох нь гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байсных. Өдгөө ч гадаргын усыг хэрхэн ариг гамтай хэрэглэх, гүний худгийнхаа нөөцийг дундруулахгүй байлгах нь “Үр жимс” хоршооныхны санааг зовоосон асуудал хэвээр гэнэ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд цаг уур дулаарч, цөлжилт эрчимжиж буй нь усны эх үүсвэрийг багасахад нөлөөлж байгааг тэд онцлов. Тийм ч учраас тус хоршооныхон мод түлхүү тарьж, арчилдаг бөгөөд жилд 60 000-70 000 суулгац борлуулах боломж бүрдүүлжээ.
Ховд аймгийн байгаль, цаг уурын онцлогт улиас, бургас, хайлаас модод ургахад илүү тохирдог юм байна. Эдгээр мод нь хөрсний чийгийг барьж, хүчилтөрөгч үйлдвэрлэх нь илүү гэнэ. “Үр жимс”-ийнхэн мөнх ногоон буюу шилмүүст модод тарих гэж оролдсон ч төдийлөн амжилт олоогүй аж. Ойн зурвас байгуулж, мод үржүүлгийн аж ахуйг эрчимжүүлснээр Ховдынхон төдийгүй зэргэлдээх аймгуудаас иргэд хандан, мод худалдан авч, хэрхэн тарьж, ургуулах талаар зөвлөгөө авдаг болсон нь олзуурхууштай ч аймгийн төв ногоон байгууламж багатай, шороо ихтэй байгаад сэтгэл дундуур явдгаа Д.Цэндсүрэн онцолсон. Түүнтэй хөөрөлдсөнөө толилуулъя.
-Та Ховд аймгийн анхны ойн инженер нь юм байна. Сургуулиа төгссөнөөс хойш 44 жил салбартаа ажиллажээ. Өөрийнхөө түүхээс товчхон хуваалцаач?
-Би 1976 онд одоогийн ХААИС-ийг ойн инженер мэргэжлээр төгсөж ирээд, Ойн анги гэдэг байгууллагад нормчноор ажилд орж байлаа. Ойн инженер мэргэжилтэн надаас өмнө нь байгаагүй. Тухайн үед Ойн ангийнхан таван га талбайд мод тарьдаг байсныг 40 га болгон өргөжүүлж, жимсний аж ахуйн суурийг тавихад оролцож байв. 1999 онд Ойн ангийг хувийн хэвшилд шилжүүлснээр ажилгүй болж, “Үр жимс” хоршоогоо байгуулахад ханцуй шамлан орсон.
-20 жилийн дотор багагүй хэмжээний талбайг ойжуулж, өндөр модод, олон төрлийн модлог ургамал, бут ургуулж, цөөнгүй хүнийг ажлын байраар хангажээ. Ажлаа эхлүүлэхэд болон одоо ямар бэрхшээл тулгарч байна?
-Ажил хийж буй хүнд бэрхшээл тохиолдохгүй байна гэж үгүй шүү дээ. Анх цагаан талд нүх малтан, мод суулгахад шоолж, гайхах хүн цөөнгүй байсныг дээр дурдсан. Бид хавар, намарт өдөрт 12-13 цаг гадаа талбайд, хичээн хөдөлмөрлөсний үр дүнд өдгөө хүнд харуулах “уран бүтээлтэй” болцгоожээ. Ажиллах хүч хэзээд дутагдалтай байдгийг хэлэх хэрэгтэй. Хоршооны маань ашиг орлого их биш тул хүмүүстээ тийм ч өндөр бус, сард дунджаар 350 000-400 000 төгрөгийн хөлс өгдөг. Үүнээс гадна бид 3-4 жил арчилж тордсон суулгацуудаа 1000 төгрөг хүрэхгүй үнээр зардаг нь харамсалтай. Ер нь модны ханш үнэгүй, хямд хэвээр байна гэхэд болно. Ялангуяа орон нутгийн иргэд мод худалдан авч, тарих тухай ойлголт муу. “Хэдэн мөчир өгөөч, газарт булчихъя” гэсэн хандлагатай хүмүүс олон.
-Та олон улсын хэмжээний шагнал хүртэж байсан гэсэн. Мөн ажилтнуудаа сургаж, дадлагажуулан, мэргэшүүлэхэд санаа их тавьдаг гэх юм билээ. Энэ талаараа тодруулаач.
-Надтай бараг 20 жил хамт байж, сэтгэл, зүтгэл гарган ажиллаж буй ганц, хоёр хүн бий. Тэдний маань нэг байгаль орчны салбарын тэргүүний ажилтан, улсын тэргүүний тариаланч Ч.Дэмбэрэл хэмээх ажилсаг, шаавай бүсгүйгээ онцлон нэрлэж, баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Манай хоршоонд ажиллаж байсан хүмүүсээс улсын тэргүүний тариаланч гурав, байгаль орчны болон хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан нийт найм төрсөн. Төдийгөөс өдий хүртэл хөдөлмөрч, хичээнгүй залуусынхаа тус дэмээр, мөр зэрэгцэн зүтгэж, мод үржүүлгийн хүлэмжүүд, нүхэн зоориуд, гүний худаг, чацаргана боловсруулах үйлдвэрээ байгуулж, хоршоогоо хөл дээр нь босгосон юм шүү. Түүнчлэн орон нутгийн удирдлагууд маань төсөл, хөтөлбөрт хамруулж, үзэсгэлэн худалдаанд оролцуулж, тусалж дэмждэгийг хэлэх хэрэгтэй. Миний хувьд 2009 онд дэлхийн шилдэг фермер гэдэг цол, тэмдэг авсан юм. Үүнийг газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан хүмүүст өгдөг бөгөөд анх удаа ойн инженерээр ажилладаг намайг шалгаруулсан нь эзгүй газрыг ойжуулсныг үнэлснийх гэсэн. Тэгээд Тайландын гүнжээс шагналаа гардан авсан минь мартагдашгүй мөч байлаа. Мөн 2004 онд Байгаль орчны гавьяат ажилтан болж, төрийнхөө хайр хишгийг хүртсэндээ баяртай байдаг.
-Нийт хэдэн мод тарьсан бэ. Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
-Мод үржүүлэг, тариалангийн салбарт 44 жил ажиллахдаа Ховдын төдийгүй өөр аймаг, сумын 400 га газрыг ойжуулахад оролцжээ. Нийт тарьсан мод, бутаа тоолсон нь үгүй. Харин “Үр жимс” хоршоог байгуулснаас хойш бараг 10 сая ширхэг мод тарьсан юм билээ. Энэ нь нэг жилд 500 000 мод “бий болгосон” гэсэн үг. Онцолж хэлэхэд, би жимс, жимсгэнэ гэхээсээ илүү мод тарих дуртай. Манай нутаг цөлжүү, чулуурхаг хөрстэй, хуурай, ширүүн уур амьсгалтай, нуур, гол цөөнтэй газар. Эндээ маш олон мод тарьж үлдээх сэн, томоохон ойн зурвас байгуулах сан, усны ундарга, хөрсний шимийг хамгаалахад хувь нэмрээ оруулах сан гэж боддог. Бизнесийн байгууллагын хувьд хоршоо маань их ашиг олох нь чухал ч тарьсан модоо харахаар ойн инженер, ногоон байгууламжийн чиглэлийн ажилтнууд бидэнд маш таатай байдаг. Бидний гавьяа, хамгийн том бүтээл бол найгаж буй ой, ногоорон харагдах зурвас газрууд юм шүү дээ.