Өнөөдөр нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар болон эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НАБТГ-ын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал "Хүйтний улирал эхэлж байгаа тул наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл аян зарлаж угаарын хийнээс сэрэмжлүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг гүйцэтгэж байна.
Энэ хүрээнд 204 мянга орчим хэвлэмэл хуудсыг айлуудад тарааж, зуух яндангийн битүүмжлэлийг шалган ажиллалаа. Мөн агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орж байгаа алслагдсан таван хороонд угаарын хий мэдрэгч суурилуулсан бөгөөд сайжруулсан түлш худалдан авахад ашиглах 9,857 ширхэг "сайн" картыг шинээр түгээлээ” гэлээ.
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Одоогоор тусгаарлан ажиглах байранд 3,879 хүн, гэрийн тусгаарлалтад 1,540 хүн байна. Коронавируст халдвар хэзээ орж ирэхийг цаг хугацаа харуулах байх. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ амны хаалтыг нь сайн зүүлгэж, сургуулийн хоолны газрууд хүүхэд хоорондын зайг баримтлах хэрэгтэй" гэдгийг онцолсон юм.