Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг Тахилт дахь Цагдаа толгой орчмыг нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар тохижуулж, иргэд амарч зугаалах талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн болгож буй билээ. Үүний хүрээнд 4.2 га талбайг ногоон байгууламжтай болгохоос гадна сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбай, гүйлтийн болон дугуйн зам байгуулах юм. Ажлын явц одоогоор 85 хувьтай, явган хүний зам, гэрэлтүүлэг тавьж, талбайн ихэнх хэсгийг зүлэгжүүлж, усалгааны систем суурилуулжээ. Сагсан бөмбөгийн талбайд резинэн хавтан тавих, хөлбөмбөгийнхөд хиймэл зүлэг дэвсэх ажлыг өдгөө гүйцэтгэж байна. Үүнээс гадна 360 улиас тарихаар төлөвлөжээ. Ногоон байгууламжийн мэргэжлийн компанитай хамтран үүнийг хэрэгжүүлнэ. Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг “Неон гэгээ” компанийнхан гүйцэтгэж буй бөгөөд ирэх сард ажлаа дуусган, нийслэлийн холбогдох албаныханд хүлээлгэн өгөх аж. Ташрамд дурдахад, эл хүрээлэн байгуулах санаачилга 2018 онд гарсан бол тохижилтын ажил нь өнгөрсөн онд эхэлжээ.
Бэлтгэсэн: М.Оч