Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "Бид 2020 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Туул,Тэрэлж, Хэрлэн гол дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулсан.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт хар усан тохойгоос Баянзүрхийн гүүр, Маршлийн гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Сонгино хайрхан дүүргийн 20-р хорооны Нисэхийн хадан хясаа хүртэлх газарт нийслэлийн аврах 105-р бэлтгэл ээлжит бүрэлдэхүүн, нийслэлийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагч нар хамтран үүрэг гүйцэтгэж ажилласан.
Энэ хугацаанд албан хаагчид нийт 27,000 иргэнд сэрэмжлүүлэг, уриалга хийж ажилласан. Мөн голын эрэг дагуу байрласан 7,000 орчим тээврийн хэрэгслийг ногоон бүсээс гаргаж, урьдчилан сэргийлэх самбарыг 25 газар байршуулж ажилласан. Нийтдээ 2000 орчим албан хаагч, 400 орчим тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэсэн байна.
Үүний үр дүнд ослын 37 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 66 хүний амь насыг аварсан байна. Гэсэн хэдий ч иргэдийн зүгээс анхаарал болгоомжгүй байдал үүсч байгаа учир улам их сонор сэрэмжтэй байхыг хүсч байна. Одоогийн байдлаар 11 настай хүүхдийг Налайх дүүргийн Тэрэлж голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна" гэлээ.