Урьд иргэд хогоо хаа тааралдсан газраа хаяхгүй л бол болдог байсан. Гэвч өнөөдөр хог хаяхад хүртэл учир байгааг иргэн бүр ухаарах цаг иржээ. Учир нь хогийн цэгт жилдээ 1,5 сая хог хаягдал очдогоос 24 хувь буюу 344 тонн хогийг манай улс дахин боловсруулдаг байна. Өөрөөр хэлбэл, дахин боловсруулах боломжтой хог хаягдал хогийн цэгт их хэмжээгээр очоод байна гэсэн үг. Манай улсад хог хаягдал дахин боловсруулах боломжтой 34 үйлдвэр байдаг.
Харин тэдгээр үйлдвэрүүд зөвхөн иргэдийн ангилсан хогийг л дахин боловсруулдаг. Тэгэхээр иргэд хогоо ялган ангилахгүй байдлаас үүдэн хогийн цэгт дахин боловсруулах хог хаягдал их хэмжээгээр очиж, үйлдвэрүүд ч хогоо дахин боловсруулах ажил удаашраад байгаа юм. Мөн нэг сонирхолтой тоо баримт нь хогийн цэг дээр 1,000 орчим хүмүүс хог түүж, өдөрт 40-250 мянган төгрөгийн орлого олдог байна.
Хэрэв иргэд гэртээ, аж ахуйн нэгж, албан байгууллага дээрээ хогоо ялган, ангилаад сурчихвал, тоостой хогон дунд өдрийг барж байгаа 1,000 иргэд хог дахин боловсруулах үйлдвэр дээр ажиллах бүрэн боломжтой. Харин хогоо ялган, ангилахгүй бол дахин боловсруулах боломжтой хог хаягдлууд хүнийг, цаашлаад байгальд хэдэн зуун жилийн хор хөнөөл учруулна.
Түүнчлэн хогийн цэгүүд дүүрчихвэл яах вэ гэдэг асуудал тулгарч байна. Хэчнээн мянган хог аваачиж орхисон ч дүүрдэггүй хогийн цэгүүд биш шүү дээ. Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэг, Улаанчулуут зэрэг хуруу дарам цөөхөн хогийн цэг бидэнд бий. Эдгээрээс Улаанчуулуутын хогийн цэг ангилах боломжгүй хог хаягдлаар дүүрээд хаагдсан. Бусад нь дүүрэх дөхсөн аж. Ингээд л бүх хогийн цэг дүүрчихвэл бид хотоос 40-50 км явж байж хогоо хаяна. Өөрөөр хэлбэл, ахиад л зардал чирэгдэл ихээр нэмэгдэнэ шүү дээ.
Дээрх бүх шалтаг, шалтгаан, тоо баримтуудыг дурдаад байгаа шалтгаан бол иргэн бүр хогоо ангилан, ялгах шинэ дадал хэвшилд суралцах ганцхан шаардлагыг л сануулах зорилготой юм.
Мэдээж хогоо ялган, ангилах сургалт, уриалгыг зохион байгуулж байгаа хувь хүн, албан байгууллага, төрийн бус байгууллагууд олон байдаг ч бодит байдал дээрээ иргэд хогоо ангилах тал дээр хойрго ханддаг нь ажиглагддаг. Тэр дундаа нийслэлийн иргэд хогоо ангилан, ялгах мэдлэг дутмаг байгааг холбогдох албаны хүмүүс онцлон хэлдэг. Нөгөө талдаа хогийг ухамсартайгаар ялган, ангилж байгаа орон нутгийн жишээнүүд ч цөөнгүй. Тухайлбал, Завхан, Ховд, Өвөрхангай зэрэг аймгууд хог ангилах хогийн савыг гудамж талбайдаа байршуулж, иргэддээ идэвхтэйгээр уриалж байгааг та нутаг нутгийн цахим хуудаснаас харж болно.
Тиймээс иргэн бүр өрөөндөө, гэртээ, ер нь хаана хогоо ялган, ангилж хаяж хэвшихийг уриалж байна. Таны ганцхан ширхэг зөв хаясан хог нэг хүнд, цаашлаад нийгэмд, байгальд хэчнээн их ач тустайг ойлгож, хогоо зөв зүйтэй ангилах хаях хэрэгтэй.
Хогоо хэрхэн ангилах вэ ?
- Том хогийн овор хэмжээг бууруулах. Тухайлбал, лаазыг гишгэж жижиг болгох, хуванцар савны таглааг нь авч гишгэн, хавтгай болгох, гялгар уут болон картон цаасыг эвхэж, нугалах
- Өөрийн гэр болон ажлын байранд тохирох хог хаягдлыг ангилан ялгах сав бэлдэх. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүмүүс гэрийн гадаа болон байрныхаа орцонд өнгө өнгийн хогийн сав байршуулж, ангилал тус бүрт хогоо хаях зэргээр ангилж болно.
Хэрэв хогоо ялган, ангилахгүй бол...
Түүнчлэн нийслэлээс хог хаягдлаа ангилаагүй иргэнийг 50 мянга болон түүнээс дээш, ААН-үүд хогоо ангилахгүй бол 300 мянган төгрөг түүнээс дээш төгрөгөөр торгохоос гадна ,худалдаа үйлчилгээний гэрээг нь сунгадаггүй байна. Харин зөрчлийн тухай хуулиар энгийн хог хаягдлыг ангилах журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Мөн энгийн хог хаягдлаа ангилан ялгахгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг байна.