“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг өнгөрсөн долоо хоногоос иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Хувьцаа эзэмшигчид үнэт цаасны компанид данс нээлгэж, арилжааны банкны дансаа бүртгүүлэн баталгаажуулснаар ногдол ашгийг авч буй. Гэхдээ зарим иргэний дансанд ногдол ашиг нь ороогүйг хэлж буй. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодруулахад “Иргэдийн хувийн мэдээлэл дутуу, дансны өгөгдөл нь зөрүүтэй тохиолдолд ногдол ашиг нь орохгүй байгаа” гэв. Үүнээс шалтгаалж үнэт цаасны зарим компани ачаалалтай байгаа тул иргэд өөрийн биеэр очиж мэдээллээ нягтлах шаардлагатай аж. Ташрамд дурдахад, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авах, барьцаалж зээл олгох, ногдол ашгийн мөнгийг шуурхай олгох зэрэг худал мэдээлэл гарч байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв анхааруулав. Тус компанийн хувьцааг захиран зарцуулах (худалдах, худалдан авах, бэлэглэх, өвлүүлэх, зээлийн барьцаанд тавих) эрх үүсээгүй болохыг дээрх төвөөс санууллаа.
Бэлтгэсэн: Б. Цэндмаа