Түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62 дугаар тогтоолыг өнгөрсөн жил хэрэгжүүлснээр Улаанбаатарын агаарын бохирдол 50 хувиар буурсан гэсэн эерэг үзүүлэлт, сайхан мэдээг албаныхан танилцуулж буй. Иргэд ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Агаарын бохирдол бууруулах ажлыг хариуцсан байгууллагынхан, дээрх тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хүмүүс “Энэ өвөл амжилтаа ахиулж, нийслэлийн утааг 80 хувиар бууруулна” гэсэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсийг өргөжүүлж, таван хороог нэмсэн, нам даралтат зуух хэрэглэдэг аж ахуйн нэгж, байгууллагынхныг сайжруулсан түлшний “түншлэлд” нэгтгэсэн (өмнөх жил хэрэгжүүлээгүй) учраас энэ өвөл утаа ирэх жилийнхээс бага байх нь гарцаагүй. Энэ хэрээр ажил нэмэгдэнэ. Сайжруулсан түлш түлэх өрх, аж ахуйн нэгж, байгууллагын тоо өсөх тусам тэдний хэрэгцээг хангах, хомсдол үүсгэхгүй байх даалгавар холбогдох байгууллагынханд ногдоно гэсэн үг.
Нийслэлд 84 агуулахад 41.5 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлж, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн хороодод тус бүр 1000 тоннын багтаамжтай таван агуулах барьж, ашиглалтад оруулсныг өнгөрсөн сарын 20-доор болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулсан юм. Дүүрэг бүрт 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөх зорилтот ажил энэ үед дөнгөж 15 хувьд хүрээд байв. Харин одоо ямар байгааг нийслэлийн холбогдох албаныхнаас тодрууллаа.
ЭНЭ ӨВӨЛ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХОМСДОХГҮЙ
Ц.Цолмон (Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч):
-2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх, болзошгүй аюул буюу угаарын хийн аюулаас иргэдийг хамгаалах, сэрэмжлүүлэх чиглэлийн ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, “Тавантолгой түлш”-ийн 57 саравч, түрээсийн зориулалтаар ашигладаг 30, нийт 92 гаруй агуулахад 100 гаруй мянган тонн түлш нөөцөллөө. Энэ бол үйлдвэрүүд дэх нөөцийг тооцоогүй, зөвхөн агуулахуудад төвлөрүүлсэн нүүрсний хэмжээ. Эдгээр агуулахын бүрэн бүтэн байдал, ус, чийг нэвтрүүлж буй, эсэх гээд аюулгүй ажиллагааг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрынхан МХЕГ, дүүргийн мэргэжилтнүүдтэй хамтраад өдөр бүр шалгаж байгаа. Засгийн газрын 62 дугаар буюу Түүхий нүүрс хориглох тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор түлшний борлуулалтын цэгийг 200-гаар нэмж, 1000 болголоо. Эдгээр цэгүүдийн заримд нь тээвэрлэлтийг эхлүүлсэн. Хангамжийн 30 бааз ажиллуулахаар төлөвлөснөөс 24 нь түлш тээвэрлэх, нөөцлөх ажлаа эхлүүлээд буй. Энэ өвөл сайжруулсан түлшний хомсдол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлсэн.
“Тавантолгой түлш” компани, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар 23 тээврийн компанитай гэрээ байгуулсан. Ингэснээр 250 гаруй тээврийн хэрэгслээр сайжруулсан түлш түгээх боломж бүрдлээ. Улаанбаатар хотын хэмжээнд усан халаалттай 1774 зуух байсны дийлэнх нь цахилгаан болон хийн халаагуур ашиглах, төвлөрсөн дулаанд холбогдох замаар түүхий нүүрс хэрэглэхээс татгалзсан. Харин үлдсэн 120 гаруй аж ахуйн нэгж сайжруулсан түлш хэрэглэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Тавантолгой түлш”-тэй гурвалсан гэрээ байгуулсан.
Сайжруулсан түлшний хүртээмж, түгээлттэй холбоотой шүүмжлэл, бэрхшээл өнгөрсөн өвөл нэлээд гарсан учир “Тавантолгой түлш”-ийнхэн нийслэлийн зүүн бүс, Налайх дүүрэгт түлшний шинэ үйлдвэр байгуулж буй. Тортог, бохирдол багатай, стандартын шаардлагад нийцсэн 600 мянган тонн түлш үйлдвэрлэх, 1000 гаруй ажлын байр бий болгож, нийслэлийн утааг бууруулахад чухал хувь нэмэр оруулах тус үйлдвэрийг энэ сарын 15-нд ашиглалтад оруулах товыг холбогдох албаныхан эртнээс танилцуулсан. Энэ ажил өдгөө ямар шатандаа байгааг холбогдох хүмүүсээс мөн лавлалаа.
ШИНЭ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА
(Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар):
-Налайхын шинэ үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Энэ сарын 15-нд бүрэн ашиглалтад оруулна. Үйлдвэрийн ажил хэдийн эхэлсэн. Тэнд үйлдвэрлэсэн түлшийг Налайхын хоёр хорооны айлуудад туршилтаар нийлүүлж, түлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Эл үйлдвэр 2021-2022 оны өвөл гэхэд Налайх, Багануурыг сайжруулсан түлшээр бүрэн хангах юм. Зөвхөн үйлдвэрлэл, нүүрсний хэмжээнд анхаараад зогсохгүй тухайн бүсийн цаг агаарын онцлог, урсгал, тогтцыг судлах ажлыг давхар хийж байгаа.
ИРЭХ САРЫН 15-НД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Г.Даваабаатар(“Тавантолгой түлш”-ийн мэдээллийн ажилтан):
-Үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд буюу ирэх сарын 15-нд ашиглалтад оруулна. Маргааш (өнөөдөр) Ерөнхий сайд бүтээн байгуулалттай газар дээр нь танилцана. Тэр үеэр үйлдвэрийн ажлын явцыг дэлгэрэнгүй танилцуулах төлөвлөгөөтэй.
ТҮЛШНИЙ ЧАНАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ
М.Жавхлан (Шинэ үйлдвэрийн ерөнхий инженер):
-Бид шахмал түлшний гурав, нүүрс угаах, коксжуулах тус бүр нэг, нийт таван үйлдвэр барьж, ашиглалтад оруулах зорилготой. Хамгийн эхний буюу туршилт, судалгааны үйлдвэрийг өнгөрсөн долдугаар сард ашиглалтад оруулсан. Удаахыг нь энэ сарын эхээр ажиллуулсан. Дараагийнх нь тун удахгүй үүдээ нээнэ. Ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Ирэх өвөл хоёр үйлдвэр тус бүр 600 мянга, нийт 1.2 сая тонн түлш үйлдвэрлэнэ. Өнгөрсөн жил түлшний чанартай холбоотой нэлээд гомдол, шүүмжлэл гарсан. Энэ жил үйлдвэрлэлийн хүчин чадал, нөөц хангалттай учраас тийм бэрхшээл үүсэхгүй.
Нийслэлчүүд өнгөрсөн өвөл сайжруулсан түлштэй урьд урьдынхаас удаан “түншилсэн” учир буруу хэрэглэснээс үүдэлтэй асуудал нэлээд үүссэн. Тэр дундаа иргэд хордох, угаартах тохиолдол цөөнгүй гарсан.Тиймээс БОАЖЯ, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” компанийнхан иргэдийн экологийн болон ахуйн боловсролыг дэмжих чиглэлд гойд анхаарч байна. Тухайлбал, БОАЖЯ, “Тавантолгой түлш”-тэй хамтран хэрэгжүүлж буй “Яндангаа хөөлье” аяны хүрээнд иргэдээс 1200 гаруй дуудлага ирүүлж, мэргэжилтнүүд 470 орчим айлын янданг хөөлж, өрхийн гишүүдэд заавар, мэдээлэл өгснийг дээрх компанийнхан онцлов. Нийслэлийн Засаг даргын А/1336 дугаар захирамжийн дагуу нийслэлийн 6000 гаруй албан хаагч гэр хорооллын 220 мянган өрхийн зуух, яндан хэвийн ажиллагаатай, эсэхийг шалгах “ажилтай” болсон. Тэд одоогоор 120 мянга гаруй айлд ийм зорилгоор очжээ.