“Ангийн буу, сум, дуран хэрэгсэл авна, зарна, сонирхоно” гэсэн цахим бүлгэмд иргэн О өчигдөр мануул агнасан зургаа нийтэлж, мах нь юунд сайн болохыг лавлажээ. Мануул нь ховор амьтан тул хууль бусаар ан хийсэн үндэслэлээр ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан түүнийг шалгаж эхэлсэн гэнэ. Эрүүгийн хуулийн 24.5-д “Ховор амьтан агнасан тохиолдолд 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хорих ялаар шийтгэх” заалттай.
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор, дэд профессор Д.Мөнхцог “Мануул нь үлийн цагаан оготно, чичүүл, барагчин, зурам зэрэг жижиг мэрэгч амьтнаар хооллодог бөгөөд бэлчээрийг “хамгаалагч” юм. Биеийн урт 60, сүүл нь 25 см байдаг. Дунджаар 3.6 кг жинтэй эл амьтан Монголын говь, цөл, ой тайгаас бусад нутагт өргөн тархсан. 1980 онд манай хүрээлэнгийн судлаачид тоо толгойг тогтооход 40 000 байсан. Сүүлийн 30 гаруй жил нарийвчлан судлаагүй. 2000-2010 онд Төв аймгийн Алтанбулаг сумд Монгол, Английн хамтарсан судалгаагаар 10 км газарт 6-8 мануул амьдардгийг тогтоосон. Мануул нь Монгол, Хятадад элбэг байдаг ч ОХУ, Иран, Бутан, Италид нэн ховордож буй тул Амьтан, ургамлын аймгийн ховор, ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд хамгаалах тухай конвенцод “Ховор” ангилалд бүртгэгдсэн юм. Мануулын өөх түлэнхийд сайн гэх ам дамжсан яриа бий. Мөн арьсыг нь дээл, хантааз, малгай хийхэд ашиглахын тулд их хэмжээгээр агнадаг байсан нь тоо толгой хомсдох гол шалтгаан болсон” хэмээв.
Бэлтгэсэн: О.Гуа