Автотээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт, авсан арга хэмжээний үр дүнгийн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.
Хяналт шалгалтын хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор наймдугаар сарын 31-ний байдлаар нэг сая 200 мянга орчим авто машин нийслэлд нэвтэрчээ. Эдгээр тээврийн хэрэгслийг шалгаж, Улаанбаатар хот руу зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхийг завдсан 197 тонн түүхий нүүрсийг хураан “Амгалан” дулааны цахилгаан станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан этгээдийг торгосон байна.
Түүнчлэн тарваганы 133 тулмыг ЗӨСҮТ-д хүргүүлсэн төдийгүй Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахаар завдсаныг илрүүлжээ. Мөн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал буюу 1.9 кг канабис тээвэрлэсэн зөрчлийг илрүүлж Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ.
Ташрамд дурдахад,Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан хуваарийн дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд гурван хяналтын байцаагч болон зургаан улсын байцаагч эргүүл, хяналтын 24 албан хаагч, цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар хяналт тавин ажиллаж байгаа аж.