Таван толгой түлш ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдал, нөөц хадгалалтын байдалд хийсэн шалгалтын үр дүнг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Оюунчимэг мэдээллээ.
Тэрбээр "Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэлийн хяналт 70 хувьтай байна. Тухайлбал, тус компанийн шахмал түлш үйлдвэрлэх дөрвөн шугам ажиллаж байгаа бөгөөд өдөрт дунджаар 800-1,000 тонн орчим түлш үйлдвэрлэж байна. Цаашид тус үйлдвэр дөрвөн үйлдвэрийн 12 шугамыг бүрэн ажиллуулж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх нөөц бүрдүүлж ажиллах тал дээр зөвлөсөн.
Түүнчлэн Таван толгой түлш ХХК-ийн шахмал түлшний 22 дээж, мидлинг, цардуулын гурван дээж нийт 25 дээжийг ШУА-ийн хими, Хими технологийн хүрээлэн, Ашигт малтмалын газрын тосны газрын уул уурхай, газрын тосны лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Тус шинжилгээгээр шахмал түлшний чийглэг, үнслэг, дэгдэмхий бодис, нийт хүхэр, илчлэг, бат бөх чанарын үзүүлэлтүүд нь сайжруулсан хатуу түлш MNS 5679:2019 стандартын шаардлага хангасан үр дүн гарчээ.
Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлшний цардуулд хийсэн шинжилгээгээр хүний эрүүл мэндэд сөрөг химийн элемент илрээгүй байна. Харин шахмал түлшний нөөц хадгалах агуулах савны хяналт шалгалтаар агаар сэлгэлт муу, орчны темпертур хэт өндөр, агуулах савны дээвэр болон шалаар ус нэвчиж чийг хуримтлагдсан зэрэг зөрчил илэрч, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаа" гэсэн юм.
Ташрамд дурдахад, 2020 оны 08 сарын 31-ны байдлаар 25,400 тонн шахмал түлш худалдаалагдсан байна. Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах сайжруулсан шахмал түлш хадгалах 38 агуулах, 53 саравч зэрэг нийт 91 объектод 47,768 тонн шахмал түлш нөөцлөгдөж, Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрт 2,000 тонн сайжруулсан түлш байгаа аж.