Францын түүхэн бодит эмэгтэй Жанна д Аркийн дүрийг дэлгэцэд амьдруулсанд түүнийг дэлхий даяараа шүтэн биширч,үлгэрлэн дууриаж байсан бол Роберто Россилинийг хайрласных нь төлөө Христос шиг цовдлох нь холгүй байсан билээ. Тэрбээр гэгээрсэн нэгэн ч биш, нүгэл үйлдэгч нэгэн ч биш байлаа. Тэрбээр хайр дурлалаа хайсан жирийн нэгэн эмэгтэй байсан юм.
Бидний өгүүлэх гэж буй энэ эмэгтэйг Ингрид Бергман гэх бөлгөө. Аз жаргал хайр дурлалаа хайсан эмэгтэй байхын зэрэгцээ Ингрид тайз дэлгэцийн урлагийн домог болсон гайхалтай жүжигчин хүн байсан юм. Тэрбээр өөрийнхөө амьдралыг театр, киногүйг төсөөлдөггүй байсан аж. Ингрид хэзээ ч ямар ч дүр голдоггүй байсан гэдэг. Тэрбээр хамгийн муу гуравдугаар зэргийн кинонд ч тоглохоор зөвшөөрдөг байв. Хамгийн хачирхалтай нь тэдгээр гуравдугаар зэргийн кинонууд Ингрид Бергманы ачаар судлаач шүүмжлэгчдээс тийм ч муу үнэлгээ авдаггүй байжээ. Харин сайн киног Ингрид жинхэн урлагийн гайхамшиг болгодог байв. Бергман үлэмж их кино, жүжигт тоглосон байдаг. Тэрбээр долоон удаа “Оскарт” нэр дэвшиж, гурван удаа түүнийг хүртсэн кино урлагийн алтан үеийн агуу жүжигчин билээ.
Тэрбээр 1915 оны наймдугаар сарын 29-нд Стокгольм хотод төрсөн аж. Эцэг эх нь охиндоо тухайн үед ердөө хоёрхон нас хүрээд байсан хааны гүнж Ингридын нэрийг хайрлажээ. Ирээдүйн жүжигчин маань 12 настай байхдаа бүтэн өнчин хоцорч нагац эгчийнхээ асрамжид очсон байна. Харамсалтай нь гурван жилийн дараа нагац эгч нь ч түүнийг орхин тэнгэрт хальж Ингрид орь ганцаараа үлджээ. Жүжигчин болох туйлын их хүсэл мөрөөдөл өнчирч ганцаардсан охины ганц хань болж байсан гэдэг. Ингрид 11 настай байхдаа аавыгаа даган Хааны театрт жүжиг үзсэнээр урлаг хэмээх гайхамшигт ертөнцтэй анх удаа танилцаж үүнтэй л амьдралаа холбоно гэдгээ ухаарсан гэдэг. Түүний эцэг Стокгольмд кино зургийн аппараттай цөөн хүний нэг байсан бөгөөд ганц охиныхоо дүрсийг янз бүрээр авдаг байж. Ийнхүү Ингридыг жүжигчин болох замд эцэг нь өөрөө ч мэдэлгүй хөтөлсөн хэрэг. 1932 онд Ингрид Бергман Хааны нэрэмжит театрын сургуульд элсэн оржээ. Европтоо театр урлагийн хамгийн нэр хүндтэй боловсролын байгуулдагт тооцогддог байсан тус сургуулиа Ингрид хаях болсон шалтгаан нь кино байлаа. Э.Адольфсоны “Мункбругаас ирсэн гүн” хэмээх кинонд бүтээсэн дүр нь шүүмж, судлаачдаас өндөр үнэлгээ авснаар Ингрид дээрх алхмыг хийжээ. Швед болон Германы арваад кинонд тоглосны дараа Ингридыг “Интермеццо” кинонд тоглохыг Холливудад урьснаар түүний дэлхийн алдарт хүрэх зам нь нээгдсэн билээ.Энэ үед Ингрид тохитой томоотой, эмч мэргэжилтэй Питер Линдстром гэгчтэй гэрлээд бараг арван жил болж байв. Тэд өхөөрдөм Пиа нэртэй охинтой, амар тайван жинхэнэ скандинав уур амьсгалтай гэр бүл байжээ. Ингрид бүх л зүйл дээр Питерийн үгийг дагадаг байв. Хэрэв Питер түүнийг ятгаагүй бол Ингрид хэзээ ч Холливудыг зорихгүй байсан гэдэг. Холливуд түүнийг олон удаа урьж байсан ч “Интермеццо” кинонд урихад Питер “Долоо хоногт 2500 ам.долларын цалин авна гэдэг хүн болгонд олдоод байдаггүй боломж, Холливудын кинонд тоглосноор Бергманы нэр алдар дэлхий даяар түгнэ ” гэж тооцоолон эхнэрээ ятгаж чадсан байна. Үүнээс хойш Питер Линдстром эхнэрийнхээ менежер болжээ. 1945 онд гэхэд Ингрид Бергман “Оскар”-ын эзэн болчихсон дэлхийн алтан сан хөмрөгт орох алдарт бүтээлүүдэд дүр бүтээчихсэн, Холливуудын хамгийн өндөр өртөгтэй жүжигчин болсон байв.
Ингрид Бергман, Питер Линстром хоёр хуримаараа
“Хүндэт ноён Росселини.
Таны шинэ уран бүтээл “Нээлттэй хот” кино надад маш сайхан сэтгэгдэл төрүүллээ. Хэрэв танд сайн англи хэлтэй, герман хэлийг мартаагүй, францаар ойлгомжгүй ярьдаг мөн италиар “ti amo” \би чамд хайртай\ гэхээс өөр зүйл мэдэхгүй швед жүжигчин хэрэгтэй бол би тантай хамтарч ажиллахад бэлэн байна. Хүндэтгэн ёсолсон Ингрид Бергман”
Энэхүү захидал өнгөрсөн зууны Холливудын хамгийн хэл ам дагуулсан дурлалын түүхийн эхлэлийг тавьсан юм. Ингрид энэ захидлаа 1947 онд бичсэн гэдэг. Кино урлагийн хөгжлийг нэг шатаар ахиулсан неореализмын урсгалыг үндэслэгч Роберто Росселини тухайн үед Европын хамгийн алдартай найруулагчдын нэг болоод байжээ. Түүний “Нээлттэй хот ” кинонд фашист үзэлтэй Ингрид, бэлгийн цөөнх лесби Бергман хэмээх хоёр эсрэг дүр гардаг. Харин үзэсгэлэнтэй, авьяаслаг швед жүжигчин Инрид Бергманаас дээрхи захидыг аваад Росселини нилээдгүй балсагдсан гэдэг. Тэгээд сандарсандаа жүжигчин бүсгүйд тэр даруй “Таньтай хамтарч ажиллахыг би эртнээс хүсэн мөрөөдөж байсан юм” гэсэн утгатай хариу захидал илгээжээ. Дээр дурьдсан захидлаас үүдэн алдарт хоёр уран бүтээлчид маань хамтарч хийх киноныхоо зохиолын талаар ярилцахаар Парист болзжээ. Росселинигийн хувьд бол тэрбээр ямар кино хийхээ ч тодорхойлоогүй байлаа. Ер нь тэрбээр онгод орсон үедээ л уран бүтээлээ туурвидаг нэгэн байв. Онгод нь орж ирэхгүй бол хэдэн хоногоор хамаагүй зургийн талбайгаа орхин хаашаа ч юм алга болчихдог байсан гэдэг. Тэр өдөр Росселинигийн өмнө нэрийг нь ашиглан шинэ уран бүтээлийн мөнгө олчиж болох Холливудын од л сууж байжээ. Гэхдээ тэр од Росселинид их таалагдаж байв. Тэр үед Ингридын хувийн амьдрал урьдынх шигээ тийм ч тунгалаг биш болсон байлаа. Питер Линдстром дээрх уулзалтан дээр менежерийн хувьд байлцан зөвөлгөөгөө өгч байв. Харин Ингрид зогсоо зайгүй тамхи татан Росселинигийн яриаг яг л үлгэр сонсож буй хүүхэд шиг чагнан сууж байжээ. Жүжигчний хувьд тэрбээр дотроо “Ингэж аврагдах гэж” баярлан бодож байсан бол үнэн хэрэгтээ энэ учрал түүний төгсгөлийн эхлэл байсан юм. Энэ өдөр Ингрид 33 нас хүрч байсан аж. Хайр бидэнд хэлж ирдэггүйтэй адил хэлэлэгүй орхин оддог нь гунигтай. Ингридэд элбэг дэлбэг хангалуун амьдрал биш хайр дурлал хэрэгтэй байжээ. Хамгийн ойр дотны хүнтэйгээ ашиг мөнгөний тухай биш сэтгэлийн үгээ ярилцахыг хүсэж байв. Ингридад тооцооны хуудас биш харин баглаа цэцэг дутагдаж байв. Роберто Росселини Ингридын энэ амьдралыг орвонгоор нь эргүүлж орхисон юм. Хундагатай улаан дарсыг их л донжтой шимэн суух Ингридыг хараад Росселини ширээний голд байх ваартай сарнайнаас нэгийг сугалж аваад “Кино хийнэ- кино хийхгүй, хийнэ - хийхгүй” гэж давтан дэлбээг нь нэг нэгээр нь тастаж гарчээ. “Таны кинонд тоглох нь миний хувьд нэр төрийн хэрэг болно” гэж Ингридыг хэлэнгүүт Питер Линдстром эхнэрийнхээ зүг муухай харц чулууджээ. Тэр харц “Нөхцөлөө яриагүй байхад ийм үг унагаж болохгүй” гэсэн зэмлэлийг илэрхийлэх байв. Питер Линдстром, Роберто Росселини хоёр өдөр шөнө шиг ялгаатай эрчүүд байлаа. Нэг нь гөлгөр, зөв тэгш швед хүн бол нөгөө нэг нь оньсого мэт таашгүй итали эр байв. Хэрэв Питер тохитой томоотой өрхийн тэргүүн бол Роберто хэдэн хүүхэд, хэдэн нууц амрагтайгаа ч тодорхой мэддэггүй нэгэн байсан гэдэг. Росселинигийн найзуудынх нь ярьснаар бол тэр жил Роберто аваал эхнэрээсээ гадна дөрвөн нууц амрагтай байжээ.
Ингрид, Роберто хоёрын "Look" сэтгүүлд гарч шуугиан тарьсан зураг.
Инрид Ром хот руу хоёр солих даашинзаа хэдэн дотуур хувцсаа чемодаалж аваад явсан гэдэг. Түүнийг ээлжит зураг авалтдаа явахдаа хуучин амьдралаа орхин одож байгаа гэдгийг хэн ч мэдээгүй аж. Тэрбээр өөрөө ч гадарлаагүй байжээ. Италичуудын гайхамшигтай зочломтгой зан, тэвэр дүүрэн цэцэгтэй шүтэн бишрэгчид, магтаалын үгс урсгах Феллини, Антониони зэрэг агуу найруулагчид, дурлалын харцаар ширтэх Роберто гээд энэ гайхамшигтай өдрүүдийн дараа Инрид Питер Линдстром руу эргэж очихгүйгээ ойлгожээ. Дээрээс нь “Look” сэтгүүлд эртний Альберто цамхгийн өмнө толгойгоо нийлүүлээд гар гараасаа барин зогсох Ингрид Роберто хоёрын зураг нийтлэгдэн гарчээ. Өчигдөрхөн америкчууд Ингридыг бараг л гэгээнтэн шиг шүтэх нь холгүй байсан бол өнөөдөр тэрбээр завхай зайдан нүгэлтэй эм болон хувирах нь тэр. Холливудын амьдралын хэв маягийг өөрчилсөн, ард түмэн мэргэжил нэгт нөхдөдөө үлгэр дууриал болсон гэр бүлийг тэрбээр яаж эвдэж чадаж байна гэж алдарт жүжигчнийг хараан зүхэх болжээ. Тэр үед Ингридэд өөрийнхөө нэр төрийг авч үлдэх боломж байсан юм. Тэрбээр ердөө л Россилинийг мартан, эргээд гэр бүлдээ ирэхэд л хангалттай байв. Гэвч Ингрид хайр дурлалаа золиослохыг хүсээгүй аж.
“Намайг хаявал би үхнэ, өөрийгөө буудна гэж Роберто олон удаа хэлдэг байв. Түүний байнга бодох болсон үхлийн нэг хувилбар нь хурдны машинтайгаа явж байгаад том удган мод мөргөх байлаа. Робертоо тэр модоо хүртэл надад харуулж байсан. Ингээд Питерийг ирэхэд Роберто намайг нөхрөө дагаад явчихна эсвэл Питер намайг хүчээр аваад явж магадгүй гэж хардаж байв. Питер бид хоёрын байсан зочид буудал гурван гарцтай байсан агаад Росселини хаалга болгон дээр нь найзуудаа зогсоон өөрөө нөгөө хайртай хурдны машинтайгаа тэр хавиар тойрч гарсан юм. Биднийг зочид буудлаас гарангуут л хойноос хөөхөд бэлэн байгаа нь тэр. Би зочид буудлын өрөөний цонхны хажууд суугаад 30 секунд тутамд Роберто нэг тойрог хийж байгааг харж байлаа. Питер юм яриад л , би цонхоор хараад л, Роберто тойроод л . . .Питер үүр цайтал ярьсан. Энэ хугацаанд Роберто нэг ч удаа зогсоогүй. Үнэхээр аймшигтай байсан” гэж Ингрид дурссан байдаг.
Ингээд Америк, дараа нь Швед, тэгээд Европ тэр чигээрээ Ингридээс татгалзжээ. Нүгэлтэй нэгэнд дээшлэх өөдлөх боломж үргэлж байдаг бол, өчигдөрхөн гэгээнтэн хэмээн шүтэн бишрэгдэж байсан Ингридэд зөвхөн уруудах л зам үлдсэн гэдгийг бүсгүй өөрөө ойлгож байв. Тэрбээр энэ замаараа эцсийг нь хүртэл явсан агаад гаргасан шийдвэртээ хэзээ ч харамсаж байгаагүй гэдэг. Түүний хуучин нөхөр Питер олныг дагасан юм. Тэрбээр Ингидыг үзэн ядах болсон агаад хуучин эхнэрээ охин Пиатай нь уулзахыг хориглосон байна. Эх охин хоёр найман жилийн дараа л уулзсан аж. Шведийн нэг сонинд Ингридыг “улсын далбаан дахь толбо” гэж нэрлэсэн бол Лос-Анжелес хотын нэгэн том сүмийн хамба жүжигчин бүсгүйг “бохир заваан,садар самуун мөртэй” гэж радио нэвтрүүлгээр тодорхойлсон байдаг. Америк, Европын киностудиудын хаалга ч Росселини, Бергман хоёрын өмнө хаалга барьжээ. Энэ бол олон улсын аймшигтай хяхан хавчлага байлаа.
“Миний дүрийг нь бүтээсэн Жанна д Арк чөтгөр шулам гэж адлагдан түүдэг гал дээр шатаагдсан билээ. Гэхдээ тэр гал цаг л шатсан. Харин намайг хэдэн жилээр шатааж байна. Цаашид энэ бүхэн хэдий хугацаанд үргэлжлэхийг Бурхан л мэдэх байх. Би зөв юм хийсэн үү? Тийм ээ зөв. Гэхдээ бурхан минь, би Пиагаа л их өрөвдөж байна” гэж Ингрид ойр дотнынхондоо ярьж байжээ.
Цаг хугацаа бүгдийг мартуулж эдгээдэг хойно яваандаа энэ аймшигтай хэл ам намжжээ. Ингрид Росселини хоёр гурван хүүхэдтэй болж амьдрал үргэлжилсээр байв. Ингрид Росселинигийн таван кинонд тоглосон байдаг. Ингридыг дэлхийн кино урлагийн акулууд болох Феллини, Висконти нар кинондоо тоглохыг олон удаа гуйж байсан ч хартай Росселини эхнэрийгээ зөвхөн өөрийнхөө кинонд тоглох ёстой гэсэн дүрэм гаргасан байдаг. АНУ Инрид Бергманд тус улсад нэвтрэх эрхийг нь сэргээсэн ч Росселини эхнэрийгээ явуулах дургүй байлаа. Тэрбээр Ингридыг охинтой нь уулзахын эсрэг, өөр бусад найруулагчдын кинонд тоглохын эсрэг байв. Ингрид үүнийг нь хүлцэнгүй дагаж байсан авч эцэст нь тэвчээрээ барсан аж. “ХХ зуун Фокс” кинокампани Ингридэд “Анастасия” хэмээх кинонд тоглох санал тавихад жүжигчин бүсгүй нөхрийнхөө эсэргүүцлийг үл харгалзан зөвшөөрчээ. Түүнийг тус компанитай хийсэн гэрээн дээр гарын үсэг зурахад нь Росселини эхнэртээ “Урвагч” гэж хэлчхээд хаалга саван одсон аж. Гэсэн ч Ингрид шийдвэрээ өөрчлөөгүй аж. Хэдэн цагийн дараа Роберто эргэж ирэн “Хэрэв чи энэ кинонд тоглох юм бол би амиа хорлоно” гэж сүрдүүлэхэд Ингрид юу ч сонсоогүй юм шиг цайгаа аягалан уусан гэдэг. Тэрбээр Росселиниг хэзээ ч амиа хорлож чадахгүй гэдгийг мэддэг болсон байлаа. “Анастасия” кино Росселинигийн зүхсэнээр бүтэлгүйтсэнгүй харин ч их амжилтад хүрчээ. Эл кинонд бүтээсэн дүрээрээ Ингрид Бергман хоёр дахь “Оскар”-аа хүртсэн билээ. Ингридыг хүмүүс эргээд шүтэн бишрэхэд бэлэн байлаа. Урилга, санал ар араасаа цуврах болов. Парисын тайзнаа тоглосон “Tea and feel sorry esvel pity” жүжгээрээ Ингрид жинхэн ялалт байгуулжээ. Харин Росселлини эхнэрийнхээ ялалтад хардаж байлаа. Ингрид тэгэхэд анх удаа нөхрийнхөө арчаагүй өрөвдөлтэй талыг олж харсан гэдэг. 1957 онд Россселини “Энэтхэг орон” нэртэй баримтат киногоо хийж байх явцдаа Сонали Гупта гэдэг энэтхэг бүсгүйтэй дотно харилцаанд орсноор Холливудад ч Энэтхэгт ч бөөг шуугиан тарьжээ. Сонали Гупта Росселинигээс хоёр дахин залуу агаад түүнээс хүү төрүүлсэн байдаг. Энэ ондоо Ингрид Росселини хоёр салсан аж. Энэ явдал Ингридын зүрх сэтгэлийг тэгтлээ шархлуулаагүй гэдэг. Учир нь тэрбээр Росселинид хайргүй болсон байлаа.
1958 онд Ингрид гурав дахь удаагаа гэрлэжээ. Шведын продюсер Ларс Шмидтай тэрбээр 17 жил ханилсны эцэст мөн л нөхөр нь араар нь тавьсан учир гэрлэлтээ цуцлуулсан юм. Энэ удаадгийн салалт ямар нэгэн хэл ам, шуугиан дагуулаагүй аж. “Намайг юуны түүрүүнд жүжигчин эмэгтэй гэдгийг миний гурван нөхөр гурвуулаа мэдэж байсан. Тэд надтай гэрлэснээр их эрсдэлд орж байсан” гэж жүжигчин эмэгтэй ярьсан байдаг. 1974 онд Ингрид Бергман гурав дахь удаагаа “Оскар”-ын эзэн болсон юм. Энэ удаагийн ялалт зөвхөн жүжигчний төдийгүй хувь хүний хувьд ямар хүчтэй эмэгтэй гэдгээ ч нотолсон ялалт байлаа. Үүнээс нэг жилийн өмнө эмч нар Ингридад хөхний хорт хавдар оношилсон аж. Аймшигт оношийг сонсоод жүжигчин эмэгтэй тун тайван “Бүх төлөвлөгөө урагшлуулахаас” гэсэн гэдэг. Нээрээ ч тэрбээр олон зүйлийг амжуулах гэсэн шиг өмнөхөөсөө ч илүү улайран ажиллах болжээ. Ингрид Бергман 1982 онд 67 насандаа өөрийнхөө төрсөн өдрөөр тэнгэрт хальжээ.Тэрбээр бүхнийг ялан дийлсэн. Аймшигт өвчнийг ч, урвалтыг шарвалтыг ч, хяхан хавчилтыг ч... Бүгдийг. Миний хувьд Ингрид Бергман Холливудын алтан үеийн хамгийн чадварлаг, авьяастай, ер бусын жүжигчин эмэгтэй юм. Тэрбээр эмэгтэй жүжигчид шиг гоо сайхан дүр төрхөө гээхээс айлгүй дэлгэцнээ олон сайхан өвөрмөц дүрийг мөнхөлсөн жинхэнэ үзэсгэлэн төгөлдөр жүжигчин эмэгтэй.