Өнөөдөр НМХГ-аас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын мэдээллийг өглөө.
Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил "Агаарын чанарыг сайжруулах нийт 99 хороонд хяналт шалгалт явуулсан байна. Мөн энэ жил шинээр шахмал түлш түлж эхлэх таван хорооны ажилтан болон Багануур, Налайх ,Багахангай дүүргүүдийн удирдлагуудад сайжруулсан түлшний зөв хэрэглээ, зуух яндангийн аюулгүй байдал, стандартын талаар сургалт хийлээ.
Түүнчлэн дулаан үйлдвэрлэх түгээх тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж байгууллагад хийсэн шалгалтаар нийт 79 аж ахуй нэгжээс 25 аж ахуй нэгж нь Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газартай болон уур үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай гурвалсан гэрээ байгуулсан байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 20,32 дугаар хороонд байрлах Оптималь ХХК болон Кенбо ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, дотоод хяналтын журам мөрдөж ажиллаагүй зөрчил илэрснийг, зөрчлийн тухай хуулийн дагуу 2,000,000 төгрөгөөр торгосон. Мөн тус дүүргийн 21 дүгээр хороонд Түмэн шувуут ХХК-д тусгай зөвшөөрөлгүй явуулсан үйл ажиллагааг үндэслэн 2,500,000 төгрөгийн шийтгэл ногдууллаа.
Харин дулаан үйлдвэрлэл түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч 17 аж ахуйн нэгжийн 64 объектийн 156 халаалтын зуухыг хамруулан утаа шүүгчтэй эсэх, нүүрсний нөөцлөлт, үнс, нүүрсний агуулах савны бүрэн бүтэн байдал, камержуулалт хийгдсэн эсэхэд хяналт шалгалт хийлээ. Тухайлбал, хяналт шалгалтаар засвар үйлчилгээ хийгээгүй ХИХУГ -ийн 138 дугаар сургууль болон Түшигт хангай ХХК-д зөрчлүүд илэрч, тус байгууллагуудад хугацаатай даалгавар өгч, бэлтгэл ажлыг хангуулах арга хэмжээг авч ажилласан" гэлээ.
НМХГ-ын агаарын чанарын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бат-очир "Авто тээврийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд хийсэн хяналт шалгалтад энэ чиглэлийн нийт 17 байгууллага хамрагдсан. Үүнээс Тэнгэрийн хишиг ХХК-ийн зургаа, Алтан жолоо импекс ХХК-ийн 10, М СИ ЭС ХХК-ийн 69 зөрчил зэрэг 10 гаруй байгууллагуудад зөрчлийн хуулийн дагуу торгууль оногдууллаа" хэмээв.