“Шивээ-Овоо” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшингээс энэ оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа яагаад Монголын хөрөнгийн биржид хүргүүлээгүйг нь тодрууллаа. Уг нь хуулийн дагуу хувьцаат компани хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа биржид хүргүүлэх ёстой. Хөрөнгийн бирж мөнөөх тайланг нь олон нийтэд мэдээлдэг. Энэ нь хувьцаат компаниудын заавал биелүүлэх үүрэг. Хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй Ц.Энхтүвшин захирал “Буруу ойлголттой байна. Тийм зүйл байхгүй” гэж мэлзэв. Захирал мэлзсэн ч Санхүүгийн зохицуулах хороонд Монголын хөрөнгийн биржийн хүргүүлсэн үүргээ биелүүлээгүй компанийн нэрсийн жагсаалтад “Шивээ-Овоо” гээд дурайж байна лээ.
...Санхүүгийн зохицуулах хороо хэн дуртай нь хувьцаа гаргах зөвшөөрөл олгохгүй гэнэ. Үйл ажиллагаа нь сайн, ашигтай ажилладаг, чанартай компанид л зөвшөөрөл олгох аж. Нэг талаас мууг цэвэрлээд, нөгөө талаас сайн компани оруулж ирэхээр биржийн бараа сайжрах нь дамжиггүй...
Уг нь “Шивээ-Овоо” манай хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон жил үйл ажиллагаа явуулж буй том компани. Гэтэл үүргээ биелүүлэхгүй байгаа нь удирдлагууд нь ажилдаа хэрхэн ханддагтай холбоотой. Хөрөнгийн зах зээлийн мэдлэг хомс, хуулиар хүлээсэн үүргийг үл тоомсорлодог, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хүндэлдэггүй удирдлага ийм дутагдал гаргадаг. Товчхондоо, манай хувьцаат компаниудын зарим удирдлагад хөрөнгийн зах зээлийн хууль, журмыг биелүүлэх, олон нийтэд мэдээллээ хүргэх соёл байдаггүй. Зарим нь хувьцаа эзэмшигчдээс үйл ажиллагаагаа зориуд нуух тохиолдол ч бий.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 199 компани бий. Эдгээр хувьцаат компанийн 103 нь Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа биржид хүргүүлээгүй байна. Мөн 152 нь дээрх журмын дагуу энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа хүргүүлээгүй гэнэ. Иймээс Монголын хөрөнгийн биржээс хууль биелүүлдэггүй том толгойтой нөхдөд хариуцлага тооцуулахаар нэрсийг нь Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч хариуцлага тооцох учиртай. Гэвч мэдээллийн ил тод байлгах үүргээ биелүүлээгүй компаниудад дорвитой хариуцлага тооцдог практик манайд алга. Үндсэндээ толгойг нь илээд өөгшүүлээд байдаг гэж хэлж болно. Ингэхээр компаниудын үүрэг хариуцлага яаж сайжрах билээ. Хатуухан арга хэмжээ аваад байвал тэд үүргээ биелүүлдэг болно. Энэ нь эцэстээ хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр болох юм.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 100 орчим компани л мэдээллийн ил тод байдлын журмаа биелүүлдэг. Бусад нь том толгойтой “хүнд гарууд”. Олон жил тэдний толгойг иллээ. Одоо хариуцлага тооцдог болмоор. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос дорвитой арга хэмжээ авахгүй л байна. Хөрөнгийн биржийнхэн бүртгэлтэй компаниудынхаа мэдээллийн ил тод байдлыг хангуулж ажиллахдаа сул. Тэднийг дураар нь тавьж давраадаг. Үүргээ биелүүлэхгүй байвал бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Зохицуулалттай зах зээлд тоглоомын дүрмийн дагуу ажиллах ёстой.
Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга С.Цэрэндаш “Цаашид хөрөнгийн биржийг цөөн ч хамаагүй, чанартай бараатай дэлгүүр болгон хөгжүүлэх бодлого баримталж ажиллана” гэж ярилаа. Мэдээллийн ил тод байдлын журмаа биелүүлэхгүй байгаа компаниуд бол чанаргүй бараа гэсэн үг. Тэгэхээр ойролцоогоор 100 орчим хувьцаат компанийг хөрөнгийн биржийн бүртгэлээс хасах шаардлага үүсэх нь. Монголын хөрөнгийн бирж 10-аад жилийн өмнө 320 орчим компанийг бүртгэсэн байсан. Үүнээс 100 гаруйг нь бүртгэлээсээ хасжээ. Дахиад 100 гэхээр гуравны нэг нь л чанартай бараа болж үлдэх нь.
Манай улсад үйлдвэрийн газруудыг иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлах замаар энэ зах зээл үүссэн. Ингэж хувьчилсан дийлэнх үйлдвэр хөрөнгийн биржийн муу бараа болчихоод байгаа. Тэд ил тод байдлын журмаа биелүүлэхдээ тун дургүй. Харин хувьцаагаа хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн компаниуд хуулиар хүлээсэн үүргээ маш сайн биелүүлж ажилладаг. Ахмад болон залуу үеийн сэтгэлгээний ялгаа эндээс харагдаж байгааг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд ярих дуртай. Энгийн энэ дүгнэлтээр бол ахмад үеийнхэн маань ил тод байхыг хүсдэггүй, хэнэггүй болж таарах нь. Хөрөнгийн бирж жилд 20-30 орчим компанийг бүртгэлээсээ хасаж байгаа. Таван жилийн дараа хөрөнгийн бирж чанартай цөөн бараатай болох нь дамжиггүй. “Цэвэрлэгээ”-г бодлогоор хийхээр болсныг С.Цэрэндаш дуулгасан.
Компанийг хөрөнгийн биржийн бүртгэлээсээ хасаж, бас нэмж болно. Ирээдүйд олон компани хувьцаа гаргаж, хөрөнгийн зах зээлээс мөнгө татан төвлөрүүлэх байх. Санхүүгийн зохицуулах хороо хэн дуртайд нь хувьцаа гаргах зөвшөөрөл олгохгүй гэнэ. Үйл ажиллагаа нь сайн, ашигтай ажилладаг, чанартай компанид л зөвшөөрөл олгох аж. Нэг талаас мууг цэвэрлээд, нөгөө талаас сайн компани оруулж ирэхээр биржийн “бараа” сайжрах нь дамжиггүй.
Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 304 компани бий. Биржийн бүртгэлээс хассан ч Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй үлддэг гэсэн үг. Эдгээр компанийг Санхүүгийн зохицуулах хороо өөрийнх хүсэлтийн дагуу л бүртгэлээс хасах зохицуулалттай аж. Гэтэл муу компаниуд Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлээс хасагдах хүсэлтээ гаргадаггүй юм байна. С.Цэрэндаш “Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүсэлтээ өгөөгүй байсан ч муу компанийг Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлээс хасах эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж ярилаа. Хөрөнгийн зах зээлийн муу компаниудыг эрх зүйн орчин бүрдүүлэх буюу угаалгын шинэ нунтгаар зад цэвэрлэх бололтой.