Улсын хэмжээнд 394.6 мянган га талбайд үр тариа тариалжээ. Энэ талаар өнөөдөр ХХААХҮЯ-нд болсон Улсын ургацын комиссын хурлын үеэр мэдээллээ.
Дээрх тариалалтын 364 мянган га талбайд улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны ургамал, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалжээ. Энэ нь урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа хураан авах боломжтой байна. Үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах аж.
Урьдчилсан балансаас харахад улаанбуудайгаар дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрджээ. Улсын хэмжээнд жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 306 мянган тонн цэвэр улаанбуудай шаардлагатай. Балансаас харахад 2020-2021 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдүүлэхээр байгааг танилцууллаа. Үүнд нийт хураах талбайн 60-70 хувь нь аарцан болцын дунд үед, 30 гаруй хувь нь аарцан болцын эхэн үедээ байгааг тогтоожээ.
Ажиллах хүчний хувьд газар тариалангийн компани, ААН-үүд ургац хураалтад 5-6 мянган хүн ажиллуулах саналыг ирүүлээд байна. Түүнчлэн ХААИС-ийн 2000, Хууль сахиулахын их сургуулиас 500 оюутанг эхний ээлжинд гарахаар бэлтгэлийг хангаад буйг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газраас өнөөдөр Ургацын комиссын хуралдаанаар мэдээллээ.