Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ахуй болон объектийн гал түймэртэй холбоотой мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй өглөө. Тэрбээр "Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатарын долоон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр Мэргэжлийн хяналт, цагдаа, Онцгой байдал зэрэг мэргэжлийн байгууллагууд үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Мөн голын үеэрт хүний амь нас эрстэх нөхцөл үүсч байгаатай холбогдуулан хөдөлгөөнт завьт эргүүл ажиллаж байгаа юм.
Харин сүүлийн үед ахуйн болон объектийн гал түймэр, зуухны галлагаа болон газ дэлбэрэлттэй холбоотой дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Үүнээс газ дэлбэрэлттэй холбоотой долоон дуудлага ирсэн. Тухайлбал, орцны дэлгүүрт газ дэлбэрсэн болон приус авто машинд ахуйн газ дэлбэрсэн тохиолдлууд гарлаа. Мөн бага насны хүүхдийг газтай ойр байлгаснаас үүдэн гарах нөхцөлүүд үүсч байна. Тиймээс иргэд зуухныхаа аюулгүй байдлыг бүрэн хангаж, бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн пийшин зуухны галлагаан дээр "Таван толгой түлш" ХХК иргэдэд үйлчлэх 1,000 орчим хүнтэй төвийг шинээр нээсэн. Тус төв нь өрх бүрт очиж, зуухны битүүмжлэлийг шалгаж, зуух яндангаа хөөлөх зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм. Иймд иргэд "Таван толгой түлш" ХХК-д хандаж зөв зүйтэй галлагаа хийх хэрэгтэй" гэлээ.