2020.09.02. Сансарын шатахуун түгээх станцын уулзвараас Дарь-Эх хүртэлх 3.3 км замыг шинэчлэх, үерийн ус зайлуулах шугам татах ажил 60 хувьтай байна
Ганц буудал газар явах гэж нийтийн тээвэрт 1-2 цаг “амьдардагтаа” их хотын иргэд бухимдаж байна. Ажилдаа явж, гэртээ харих гэж хамаг цагаа замын түгжрэлд өнгөрүүлдэг “уламжлал” Улаанбаатарт бий болоод удлаа. Хичээл, сургууль эхэлж, ажил ид өрнөдөг есдүгээр сард авто замын ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсдэгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр их хөл хөдөлгөөний үеэр авто замаа ухаж, сэндийчээд эхэлдэг нь нийслэлчүүдийг бухимдуулах бас нэг шалтгаан болдог. Өнөөдөр ч ийм дүр зурагтай байна. Эвдрэлийг нь засах, хашлага, хайс солих, ус зайлуулах шугам тавихтай холбоотойгоор энд тэнд зам хааж, хөдөлгөөний ачааллыг эрс ихэсгэв. Ажилчны гудамжнаас Сонсголон хүртэлх буюу Эрчим хүчний гудамжны 6.6 км авто замыг засаж, шинэчлэхийн тулд өнгөрсөн зургадугаар сарын 28-наас эхлэн хэсэгчлэн хаасан. Гэвч өдий хүртэл тус замын засварын ажил дуусаагүй байна. Мөн Дарь-Эхийн авто замыг засаж, шинэчлэх ажил үргэлжилж буй. Бороо орох бүрт үерт автан, асуудал дагуулдаг энэхүү замд ус зайлуулах шугам барьж буй нь сайшаалтай ч төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгаж амжсангүй. Хугацаандаа амжихгүй байх олон шалтгаан бийг мэргэжлийн хүмүүс нь хэлсэн. Тухайлбал, тендер нээснээс хойш шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан. Шаардлагад нийцсэн материал ирээгүй тохиолдолд тендерийг дахин зарласан тохиолдолд нэмж нэг сар алдана гэсэн үг. Энэ мэтээр ажлыг амьдралд бус, цаасан дээр “явуулсаар” удлаа. Үүний горыг иргэд амсаж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан тушаалтнууд өвлийн бэлтгэл ажил хангах хүрээнд зарим замыг хаах болсон талаар өнгөрсөн сарын 5-нд мэдээлсэн. Тэд хаасан замуудыг хичээлийн шинэ жил эхэлж, замын ачаалал нэмэгдэхээс өмнө нээнэ гэж амласан. Харамсалтай нь, үг, үйлдэл нь бодит байдалд алд дэлэм зөрөв.
Тавьсан замаа байсхийгээд л хуулж, засдаг, засах гэж дордуулдаг явдал газар авсан. Энэ онд нийслэлийн Авто замын санд 35 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн зам барих, засвар, арчлалтад 128 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэвч энэхүү хөрөнгө нь замынхаа асуудлыг шийдэхэд хүрэлцэхгүй байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан хэлж буй.
Улаанбаатар хот 1170 км урт авто замтай аж. Үүнээс гадна гэр хорооллын шороон замын урт 6000 км. Энэ онд хотын хэмжээнд 38 000 ам метр зам, талбайг нөхөхөөр ажиллаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, зам засварын ажлыг 90 хувьтай гүйцэтгэсэн талаар холбогдох байгууллагынхан хэлсэн. Гэвч сургууль, цэцэрлэг эхлэхээс урьтаж замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр ажлаа дуусгаж чадсангүй. Дараа жилийн өдийд ч ийм дүр зургийг давтуулахгүйн тулд цаг хумсалсан шалтгааныг илрүүлж, засаж сайжруулах шаардлагатай. Үүнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хувь нэмэр ч их санагдана. Тухайлбал, барилгын дээвэр дээрх усыг тосож, зам руу урсгахгүй, үерийн далан, суваг дээр гэр барихгүй, ус зайлуулах шугам, хоолойд хог хаягдал хийхгүй байхад л хангалттай.
Урсгал, ээлжит, шинэчлэх гэсэн гурван төрлийн засварыг тухайн замыг барьсан хугацаанаас нь хамаарч хийх ёстой гэнэ. Нийслэлийн авто замын 80 орчим хувь нь хуучирчээ. Гэвч хөрөнгө нь хангалттай биш учраас байнга тордож чаддаггүйг хариуцсан албаны хүн нь хэлсэн. Дотоодын цэргийн 805 дугаар анги орчмоос Баянхошуу хүртэлх цэвэр, бохир усны шугам тавих ажил гурван жил үргэлжилж байна. Энэ жил ашиглалтад оруулж амжихгүй гэнэ лээ. Цаашид борооны ус зайлуулах шугам, нүхэн гарцуудыг нэмж барихаар төлөвлөжээ. Энэ мэт бүтээн байгуулалтын ажил хийж буй нь сайшаалтай ч нэгнийхээ хийсэн ажлыг нөгөөх нь үнэгүйдүүлж, сүйтгэдэг явдал түгээмэл байсаар. Зам засварын ажлыг цогцоор нь шийдэх байтал олон хэсэгт хүч тарамдсанаас болж энд тэнд овоолсон шороо, ухсан нүх үлдсээр.
ИНФОГРАФИК
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Э.МӨНХ-ОД: “ДЦС-4”-ийн авто замын хөдөлгөөнийг энэ сарын 15-нд нээнэ
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Э.Мөнх-Одоос зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд энэ онд хэчнээн төгрөгөөр аль чиглэлийн замуудыг засаж шинэчилсэн бэ?
-Борооны ус зайлуулах шугам тавих, холбоос замуудыг засах ажлыг одоогоор гүйцэтгэж байна. Дарь-Эхийн авто замын 3.3 км-ийг нь засаж, борооны ус зайлуулах шугам тавьж байна. Эл ажилд 2.2 тэрбум төгрөг зарцуулж буй. Уг замыг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд нээх байсан ч борооны улмаас хойшлогдсон. Энэ сарын 6-нд нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Суурь асфальтыг тавьчихсан, өнгөн хучилт хийснээр ажил дуусах юм. Мөн Эрчим хүчний гудамж буюу “ДЦС-4” ТӨХК-ийн урд талын авто замыг хуулж, засаж байгаа. 6.6 км уг замыг засахад зургаан тэрбум төгрөг зарцуулна. Эхний ээлжийн санхүүжилт болох хоёр тэрбум төгрөгийг гүйцэтгэгчид олгосон. Уг замын хөдөлгөөнийг энэ сарын 15-нд нээнэ.
-Борооны улмаас зам эвдрэх, усанд автах тохиолдол өнгөрсөн зун цөөнгүй гарлаа. Хэчнээн төгрөгийн хохирол учирсан бол?
-Бороо их орсноос хуучин замууд эвдэрсэн. Нийслэлийн хэмжээнд 3.9 тэрбум төгрөгийн хохирол учирлаа. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Чингүүнжавын гудамжны асфальт хууларсныг иргэд мэдсэн байх. Энэ замыг 2009 онд тавьсан юм. Айлууд үерийн далан, суваг, шуудуу дээр бууснаас болж төв зам үерт автах тохиолдол цөөнгүй. Тиймээс айлуудыг нүүлгэн шилжүүлж, бөглөрсөн далан, сувгийг нээлээ. Барилгын компани, аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа асгасны улмаас Төмөр замын гудамжны ус зайлуулах шугам бөглөрснийг засаж, хэвийн ажиллагаанд орууллаа.
-Зам эвдрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ?
-Хүнд даацын автомашин, үер гээд олон хүчин зүйл бий. Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага буюу MNS 4598:2011 гэсэн стандарт бий. Уг стандартаар бол хүнд даацын автомашин 10-11 тонн ачаа тээвэрлэх ёстой. Гэтэл даац хэтрүүлж, 40-50 тонныг тээвэрлэж, зам эвдсэн зөрчил олон гарч байна. Гуравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15, мөн аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15 буюу газар гэсэх, хөлдөх үед хүнд даацын тээврийн хэрэгслийг төв замаар зорчихыг хорилодог. Гэвч үүнийг хянаж, хязгаарлаж чадахгүй байна. Мөн барилгын шавар зуурагч машинууд даац хэтрүүлж, стандарт зөрчих нь түгээмэл. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр авто зам сэтлэх, эвдэх зөрчил буурахгүй байна.
-Есдүгээр сарын 1-нээс өмнө зам засаж дуусгана гэж холбогдох албан тушаалтнууд нь хэлсэн. Гэвч зам засварын ажил үргэлжилсээр байна. Ингэж удааширсан шалтгаан юу вэ?
-Инженерийн шугам сүлжээ, хөрөнгө оруулалт, сонгон шалгаруулах ажил зэргээс шалтгаалж төлөвлөсөн хугацаандаа дуусгаж амжихгүй байна. Гүйцэтгэгч компанийг сонгох ажил удаашралтай. Тендер сонгон шалгаруулах ажил хуулиараа 30 хоног үргэлжилдэг. Гүйцэтгэгч ороогүй, баримт бичгийн шаардлага хангаагүй тохиолдолд дахиад хугацаа алдана. 14 хоногт сонгон шалгаруулдаг бол хүлээлт үүсэхгүй. Мөн цаг агаарын нөхцөл зам засварт их нөлөөлдөг. Гэхдээ энэ онд төлөвлөсөн ажлынхаа 90 хувийг одоогоор гүйцэтгэсэн.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Замын дэд бүтцийг хөгжүүлснээр эдийн засаг өсдөг
АНУ, Герман, Хятад улс авто замын ажлыг үндэсний эдийн засгийн хөгжлийн нэг зүтгүүр хэмээн эл салбарт анхаарч иржээ. Өнөөдөр эдгээр улсын хоёр нь манлайлагчдын “Их-7” бүлгийн гишүүн. Хятад бол хамгийн эрчимтэй хөгжиж буй улс. Аль нэг бүс нутаг болон улсын эдийн засагт авто замын гүйцэтгэх үүргийг хоёр янзаар тодорхойлжээ. Юуны түрүүнд, эл салбарын хөгжил нь эдийн засгийн эрчимтэй хөгжлийн ул мөр. Шинэ замууд нь эрэлтийн хариу буюу бизнест эргэлтээ өргөжүүлэхэд тус болдог. Хоёрдугаарт, тээврийн салбарын хөгжил нь улсын бүс нутаг хоорондын эдийн засаг, аж ахуйн харилцааг илүү бэхжүүлдэг. Аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдаа зэрэг салбараар үйлчлүүлэгчдийн хүрээ өргөждөг. Тухайлбал, АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр автомашины хурдны зам тавихыг улсын зорилгоор тодорхойлж байв. Тэрбээр буруу тооцоолоогүй. Д.Эйзенхауэрийн бодлогын энэ чиглэлийг АНУ-д хөдөлмөрийн бүтээмж 25 хувиар өссөнтэй холбож үздэг. Авто замд оруулсан нэг доллар тутамд Америкийн эдийн засаг ДНБ-ий 16-19 доллароор өссөн судалгаа гарчээ. 120 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулахад эдийн засгийн нийт ашиг нь 2.5 их наяд болсон гэсэн үг. Тэрчлэн сүүлийн 100 жилд америкчуудын амьдралын хэв маяг, АНУ-ын эдийн засагт хамгийн их хүчтэй нөлөөлсөн хүчин зүйлийг эдийн засагчид замын хөгжил гэжээ.
Мөн Европын Холбооны тэргүүлэх зорилтуудын нэг нь тус тивийг дамнасан тээврийн дэд бүтэцтэй болох асуудал байна.
Хятадын туршлагаас үзвэл хурдны авто зам тавихад төдийгүй түүнийгээ орон нутгийнхтай холбодог аж. Ингэснээр тээврийн сүлжээний ачаалал өндөр, зарлагаа сайн нөхдөг. Тиймээс замын төслүүдэд нь хөрөнгө оруулагч олон байдаг гэнэ.
Харин Японд тээврийн дэд бүтэц хөгжүүлэх үйл явц нь олон улсын худалдаанд тус орны гүйцэтгэх үүргийг идэвхжүүлжээ. Газар нутгаа авто болон төмөр замын сүлжээгээр “бүрхсэний” ачаар тус улс богино хугацаанд аж үйлдвэр, шинжлэх ухаан, хүний хүчин чадлыг дээд зэргээр үр ашигтай болгож, аж ахуйн үйл ажиллагаанд орон зайны хүчин зүйлийн сөрөг нөлөөг хамгийн бага болгосон аж.
Цаашлаад чингэлгийн тээвэрт анхаарч, энэ чиглэлээр бүс нутаг, дэлхийд тэргүүлэгчдийн нэг болсон байна. Замын дэд бүтцийг хөгжүүлснээр эдийн засаг өсдөг нь нэгдүгээрт, барааны эцсийн үнэд шингэдэг тээврийн зардлыг багасгадаг. Ингэхдээ ажлын байрыг багасгадаггүй, харин байгаа бололцоог илүү үр ашигтай болгоход нөлөөлдөг. Тээврийн салбар улсын хэмжээнд эдийн засгийн тэнцвэргүй байдлыг багасгах, эсвэл бүр үгүй болгоход тусалдаг. Үүний үр дүнд үндэсний үйлдвэрлэл дотоод төдийгүй гадаад зах зээлд өрсөлдөх олон давуу талтай болдог гэнэ.
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
2020.09.02. ЭХЭМҮТ-ийн баруун хойд уулзвараас IV бичил хорооллын зүүн урд уулзвар хүртэлх авто замыг сэтэлж, цэвэр усны шугам суурилуулж байна
Бороо “буруутай”
Улаанбаатар хотын авто замын хэд хэдэн уулзвар, зорчих хэсэг нь “улаанаараа” эргэжээ. Дулааны шугам, хоолой солих, авто зам шинэчлэх, хашлага татах, үерийн далан, шуудуу барих гээд өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Уг нь өдийд засвар, үйлчилгээний ажлууд жигдэрчихсэн, энд тэнд хаасан авто замыг нээсэн байх ёстой. Гэтэл хичээлийн шинэ жил эхэлж, хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн эдгээр өдрүүдэд зам засварын ажлуудыг дуусгасангүй, иргэдийг чирэгдүүлсээр байна. Зарим хэсэгт засварыг зориуд мэт цэцэрлэг, сургууль эхлэхтэй давхцуулах шахсаныг ч дурдах ёстой. Ажлаа хугацаанд нь дуусгаагүй, түгжрэлд хамгийн их нэрмээс болж буй гэх хоёр замын засварын ажлыг сурвалжиллаа.
ЭХЭМҮТ-ийн баруун хойд уулзвараас IV бичил хорооллын зүүн урд уулзвар хүртэлх авто замыг сэтэлж, цэвэр усны шугам суурилуулах ажлыг өнгөрсөн сарын 9-нд эхлүүлж, хөдөлгөөнийг хязгаарласан. Тэр хэсгийн замыг хуулж, шугам татан, зорчих хэсгийг нөхөн сэргээхэд 14 хоног зарцуулна гэсэн ч хугацаандаа амжаагүй. Төлөвлөснөөс найм хоног хэтэрч, есдүгээр сарын 1-ний орой хөдөлгөөнийг нээжээ. Өчигдөр тус газарт очиход ухсан нүхийг хам хум булсан болоод л замыг нээсэн байв. Ингэж хэлсний учир нь авто замын хөвөө, хаялага байхгүй, явган зам, гарц, тэмдэг, тэмдэглэгээгүй, зорчих хэсгийн хоёр захад энд тэндгүй овоолсон шороонууд. Тэр хавийн шороо, тоос автомашинуудын дугуйгаар агаарт дэгдэж, нүүр, нүдгүй “шуурах” аж. Ажлын талбайд 7-8 хүн явган зам засаж харагдсан. Цэвэр усны шугам суурилуулах ажлыг “Н Эй Би”, зам засварыг “Нано экологи” компанийхан гүйцэтгэж буй гэнэ. “Н Эй Би” компанийн талбайн инженер Б.Баяр-Эрдэнэ “Авто замын зорчих хэсгийг наймдугаар сарын 23-нд нээх байсан ч хугацаандаа амжаагүй тул долоо хоног сунгасан. Шугам хоолой угсрах ажил дөнгөж 30 хувьтай байна. Цаашид авто замыг хэсэгчлэн хааж, ажлаа үргэлжлүүлнэ гэсэн үг. Шугам, хоолойн трасс 1800 метр авто зам дайрч байгаа. Одоогоор 380 метр шугам татсан. Борооноос болж авто замыг нөхөн сэргээхэд хугацаа их зарцуулсан” гэв.
Иргэдийн уурыг барж байгаа өөр нэг зам нь Дарь-Эхийнх. Сансарын шатахуун түгээх станцын уулзвараас Дарь-Эх хүртэлх 3.3 км замыг шинэчлэх, үерийн ус зайлуулах шугам татах ажлыг “Зэст хөлөг” компанийнхан гүйцэтгэж байна. Барилгын талбайд очиход эмх замбараагүй байдал угтсан. Хаасан замаар нь өчнөөн автомашин зорчин, түгжирч, зарим нь хашлага давж, нэг хэсэг нь гэр хороолол дундуур сүлжинэ. Хажуугаар нь сурагчид, хүүхдээ тэвэрсэн хүмүүс алхах юм. Компанийн ажилчид дөрвөн хэсэгт хуваагдан, техникүүдээр шороо тэгшилж, зарим газарт замын хашлага суурилуулах зэргээр тус тусын ажлыг хийх аж.
“Зэст хөлөг” компанийн гүйцэтгэх захирал Т.Алтанцэцэгээс замын ажил яагаад удааширсныг тодруулахад “Дарь-Эхийн замыг шинэчлэх гэрээг уг нь 2019 оны арваннэгдүгээр сард хийсэн. Эхэндээ манайх замыг зөвхөн асфальтаар хучих байлаа. Хучихаас өмнө хөрсний ус зайлуулах, үерийн суваг татах зэрэг ажлыг өөр компаниар хийлгэх тендер зарласан ч шаардлага хангасан компани оролцоогүй юм билээ. Хугацаа нь тулаад, эцэстээ бид бүгдийг нь гүйцэтгэх болсон. Гэрээгээр газар, шорооны ажлыг зургадугаар сарын 30-нд эхлүүлэх ёстой байсан ч сонгууль, наадам гээд зам хаах зөвшөөрөл өгөөгүй. Ингээд долдугаар сарын 27-ноос ажлаа эхлүүлсэн. 3.3 км авто замыг шинэчлэх, үерийн хоолой татахын тулд гадаргын болон хөрсний усны тооцоог хийлгэж, зураг төсөлд дөрвөн удаа өөрчлөлт оруулсан. Учир нь Дарь-Эхийн замд борооны ус их тогтдог, намаг, шалбааг, хөрсний ус ихтэй. Эдгээр асуудлыг шийдэхгүйгээр асфальтаар хучвал дараа нь амархан эвдрэх эрсдэлтэй тул горимын дагуу ажиллаж байна. Ажлын явц одоогоор 60 хувьтай. Гэрээнд тусгаснаар, 2.2 тэрбум төгрөгийн өртгөөр барьж буй эл замыг нээх хугацаа нь есдүгээр сарын 30. Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн учраас албаныхан ажлаа яаравчлах, есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулах үүрэг өгсөн. Гэхдээ өдөр, шөнөгүй ажиллаад ч заасан хугацаанд нь амжихгүй. 440 метр газрыг хучих гээд хашлага татахад л далан нь тэр чигтээ намагтай байсан учир соруулсан. Одоогоор 1.5 км газрын хөрсийг сольж, ус гарахааргүй болгосон. Талбайд өдгөө 64 хүн ажиллаж байна. Нуулгүй хэлэхэд, гурван сарын хугацаанд гүйцэтгэх ажлын нэг сар нь сонгууль, наадам гээд өнгөрсөн. Бас нэг сард нь бороо ороод ухсан нүхнүүдэд ус дүүрэх зэргээр ажил удсан. Одоо үлдсэн нэг сарын хугацаагаа л ашиглаж байна” гэсэн юм.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Иргэдэд авто зам засвараас үүдэлтэй ямар бэрхшээл тулгарч буйг лавлалаа.
Ч.БИНДЭРЪЯА (Хан-Уул дүүргийн XII хорооны иргэн):
-Ихэнх тохиолдолд намар хөл хөдөлгөөн ихэссэн үед зам засах ажил эхлүүлдэг. Миний бодлоор зун түгжрэл багассан үед засвал тохиромжтой санагддаг. Мөн ажлаа үдээс хойш биш, өглөө эрт эхлүүлээд, хурдан дуусгаасай гэж боддог. Тэгэхгүй бол тоос шороонд 2-3 сар байтугай нэг хоног байхад бэрх. Бас чанга дуу чимээ хэцүү байна. Миний ажил Ерөнхий боловсролын III сургуулийн ойролцоо байдаг. Эндээс Баянбүрдийн тойрог хүртэл зам хааж, засварлаж буй тул түгжрэл хоёр дахин ихэссэн. Өмнө нь ажилдаа очихдоо 20-30 минут зарцуулдаг байсан. Одоо цаг гаруй түгжирч, заримдаа хожигддог. Тавьсан зам нь хэсэг ширүүн бороо ороход л эвдэрч, энд тэндээ цөмөрчихдөг. Зарим жолооч замын цөмөрч орсон хэсгийг тойрох гэж байгаад өөр тээврийн хэрэгсэл шүргэх, эсвэл машиныхаа доод хэсгийг цохиж гэмтээдэг. Чанартай зам тавьдаг бол ийм амархан эвдэрч, олон дахин засварлан иргэдэд хүндрэл учруулахгүй.
Д.МАНАЛСҮРЭН (Хан-Уул дүүргийн ХVII хорооны иргэн):
-Хэд хоногийн өмнө Баянбулагийн зуслангаас хот руу ирэхэд түгжрэл илүү нэмэгдсэн байв. Нийслэлийн зургаан газарт авто зам хаагаад, засаж байгаа. Үүний улмаас хотын бүх хэсэгт түгжрэл ихэссэн болов уу. Баянбулаг зуслангийн зам эвдэрсэн тул явахад хэцүү байна. Өнгөрсөн хавар засвар хийсэн ч олигтой өөрчлөлт гараагүй. Ер нь нийслэлийн захад замын эвдрэл их, явахад төвөгтэй байдаг. Монголчууд хатуу хучилттай зам тавихдаа чанаргүй хийдэг шиг санагдсан. Стандартын дагуу хийгээгүй замыг дахин засах мөнгө иргэдийн халааснаас гардаг. Тийм учраас улсын төсвөөр хийж буй ямар ч ажлыг чанартай хийгээсэй.
М.ХОНГОРЗУЛ (Баянгол дүүргийн XI хорооны иргэн):
-Бороотойд авто зам гол шиг болдог. Ажилдаа алхаж очдог тул ус, шалбааг туулах болохоор хүссэн хувцсаа өмсөж гарч чаддаггүй. Жил бүр энд тэнд зам засварын ажил хийдэг ч өсгийтэй гуталтай явах нөхцөлгүй хэвээр байна. Явган хүний зам засаж дуусаад сар болоогүй байхад шугам, хоолой тавина гээд дахин газар ухаад эхэлдэг. Манай улсын хатуу хучилттай зам хүүхдийн зулайтай зүйрлэхээр хэврэг, бороо орохоор доошоо цөмөрнө, эсвэл урсдаг. Хариуцаж хийдэг хүмүүс нь мөнгө завших гээд чанаргүй зам тавьдаг байх. Хүүхдүүд том хүнтэй явахгүй л бол эргэн тойронд нь аюул нүүрлэж байна.
П.ЦЭЦГЭЭ (Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн):
-Би 78 настай болохоор хол явдаггүй. Гэхдээ зам эвдэрсэн, засаж байна гэх мэдээ зурагтаар байнга гардаг. Зам засварын чимээ шуугиан заримдаа гэрт сонсогддог. Энэ ажлыг хийж байгаа хүмүүс мэргэжлийн биш болохоор л үргэлж дутуу хийдэг байх. 1-2 сар засвар хийдэг мөртөө жилийн дараа дахиж янзалдаг. Тийм учраас ажилчдаа сайн мэргэшүүлж, чанартай зам тавьдаг болбол иргэд бухимдахгүй. Бас хийсэн ажлыг нь шалгаж, дутуу байвал хариуцлага тооцдог бол ингэж олон хоног сунжрах, дутуу гүйцэтгэх зэрэг асуудал багасах биз.
Г.ГАНТУЛГА (Баянзүрх дүүргийн XVI хорооны иргэн):
-Өмнө жил манай гудамжинд засвар хийж байна гээд зам хааж, хэд хоносон. Одоо нөгөөх зам нь эвдэрчихсэн. Хотын замаар тайван явах аргагүй гэдгийг хүмүүс мэднэ. Эргэн тойронд ухсан нүх, овоолсон шороо, тоосжилт үүсэх асуудал түгээмэл бий. Үүний улмаас хүмүүс цаг зав, хөрөнгө мөнгөөрөө хохирч буй. Монгол Улсын зам тавих стандарт тийм сул байдаг юм уу, нэг жил болоод л эвдэрчих юм. Эсвэл хянадаг газар нь дутуу шалгадаг юм уу.
Б.БАТХҮРЭЛ (Сонгинохайрхан дүүргийн I хорооны иргэн):
-Манай энд үргэлж л зам засаж байдаг. Хэдхэн хоногийн өмнө гудамжны голд зам ухсан учир хүмүүс тойрч гарах гэж үйлээ үзэж байна. Овоолсон шороо, ухсан нүх дээгүүр явж байгаад машинаа эвдэж ч байна. Засварын ажил хэзээ дуусах юм бүү мэд. Монголын авто замууд хэврэг, бас чанаргүй. Эрх баригчид тендер сонгон шалгаруулахдаа авилга авч, таньдаг хүндээ өгөхөө болиосой. Уг нь замын засвар хийсэн компани гурван жил хариуцаж, эвдэрсэн тохиолдолд янзлах ёстой. Манай улсын зам тавьсан компаниуд ажлаа дуусчихаад дампуурчихдаг юм уу, усанд хаясан чулуу шиг алга болдог. Үүнд хариуцлага тооцох ч албан тушаалтан алга.