Цагдаагийн байгууллагаас "Яараад яахав дээ" аяны үр дүнгийн талаар мэдээллээ. Тухайлбал, тус аяны хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн авто замд зорчсон хүн, тээврийн хэрэгсэл, бүртгэгдсэн гэмт хэрэг, осол, зөрчлийг харьцуулан дүгнэхэд:
Улаанбаатар хотоос орон нутаг руу 741.000 иргэн, 455.000 тээврийн хэрэгсэл зорчсон бол өнгөрсөн оны мөн үед 392.000 иргэн, 216.000 тээврийн хэрэгсэл зорчсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэдийн тоо 349.000 буюу 89.0 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний тоо 239.000 буюу 2.1 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаагаас харахад дотоодын аялал, жуулчлал, иргэдийн зорчих хөдөлгөөн 1-2 дахин нэмэгдсэн байна.
Мөн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 203 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 40.6, гэмтсэн хүн 255 бүртгэгдсэн нь 30.5 хувиар, зам тээврийн осол 2402 бүртгэгдсэн нь 8.1 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ. Харин нас барсан хүний тоо 89 бүртгэгдсэн нь гурав буюу 3.5 хувиар өссөн байна. Мөн Завхан аймагт замын ослоор долоон хүн, Баян-Өлгий аймагт зургаан хүн нас баржээ.
Түүнчлэн Цагдаагийн байгууллагаас аяны хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг сайн байсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн цахим сүлжээгээр тавигдсан мэдээ, мэдээлэл, контент иргэдэд таалагдаж, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурд буурах, иргэд “Яараад яахав дээ” гэх үгийг эерэг утгаар нь ашиглаж, нэг нэгэндээ шаардлага тавьж, зөвлөмж өгөх зэргээр нийгэмд хөдөлгөөний соёл, эерэг хандлага төлөвшихөд зохих үр дүнгээ өгсөн гэж дүгнэсэн байна.
Ташрамд дурдахад, орон нутгийн замд үйлдэгддэг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэлтэй нийгмийн хор уршгийг багасгах, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, иргэд таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд “Оюу толгой”, “Мобиком” ХХК-тай хамтран зохион байгуулсан юм.