Өнөөдөр Онцгой байдлын алба хаагчдад Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан иж бүрэн аврах ажиллагааны автомашин гардуулж өглөө.
Тодруулбал, нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид ой хээрийн тусгай зориулалтын нэг автомашин, Нийслэлийн 105-р аврах ангид аврах ажиллагааны зориулалттай нэг автомашин болон эмнэлгийн зориулалттай нэг автомашиныг тус тус гардуулжээ.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Энэ онд эмнэлгийн болон цагдаагийн алба хаагчдад 160 автомашинаар парк шинэчлэл хийсэн. Гал унтраах бүс өөрөө зуслангийн болон гэр хорооллын хэсэгт байдаг учир 74 дүгээр гал унтраах ангид туулах чадвар бүхий автомашиныг гардуулан өгч байна. Харин 105-р аврах ангид аврах үйл ажиллагааны тоног төхөөрөмж бүхий автомашиныг өглөө. Мөн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор тоноглогдсон, ус тээвэрлэх боломжтой дөрвөн дугуйт мотоцикл өгч байгаа юм" гэлээ.
Харин Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн аврах ангид өмнө нь камаз маркийн автомашин, техник хэрэгслийг олгож байсан. Дүүргийн хэмжээнд шинээр гал унтраах анги байгуулагдсантай холбогдуулан автомашины парк шинэчлэл, техник хэрэгслээр хангаж байна. Нийслэлийн зүгээс шаардлагатай техник хэрэгслээр хангах ажлуудыг үе шаттайгаар үргэлжилж байна" гэсэн юм.
Ташрамд дурдахад, сүүлийн хоёр жилийн байдлаар Онцгой байдлын албанд нийт 20 автомашин, техник хэрэгсэл, 100 үүргийн гал унтраагуур, иж бүрэн аврах ажиллагааны багажаар парк шинэчлэлийг хийсэн байна.