Намар цаг хэдийнээ иржээ. Яруу найрагч Б.Явуухулан "Налгар тэнгэрээр шувуудыг дагаж зэллэсэн бүхэн иргэж ирнэ. Намрын навч шиг надаас хийссэн залуу нас минь эргэж ирэхгүй" хэмээн шүлэглэсэн байдаг. Үнэхээр намар ингээд л хүрээд ирдэг. Ирэх юм бүхэн угаас сайхан. Харин эргэж ирэхгүйгээр одох бүхэн л илүү гунигтай. Ингээд яруу найрагчдийн намрын тухай шүлэгнээс түүвэрлэн хүргэж байна.
Яруу найрагч Б.Явуухулан "Намар"
Найран дээрээс гараад иртэл
Намрын навчис унаж байлаа
Налгар тэнгэрээр шувуудтай цуг
Нарлаг намар зэллэн одлоо
Салхи ч үгүй нам гүм байтал
Шарласан навчис хийсч байлаа
Санаанд ч үгүй аж төрж явтал
Санчигны минь үс цайж байлаа
Налгар тэнгэрээр шувуудыг дагаж
Зэллэсэн бүхэн эргэж ирнэ
Намрын навч шиг надаас хийссэн
Залуу нас минь л эргэж ирэхгүй.
Яруу найрагч Г.Аюурзана "Миний мэдэх намар"
Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч
Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ
Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна
Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг
Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг
Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчихэж
Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм.
Яруу найраг Л.Өлзийтөгс "Цас моддын дээр"
Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?
Агуу их нам гүм - цас
Агуу их амьдрал - нулимас
Агуу их үхэл - намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь
Моддын дээр цас орно
Зүрхнээс нь минь нэг нэгээрэ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдөрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр...
Яруу найрагч Д.Урианхай "Намрын навчинд өргөх" шүлэг
Ганцаараа үлдсэн навч мөчрөөсөө зүүгдээд уйлж байна
Гадаа намар ирчихсэн
Газар түүнд ойрхон байна.
Ургаж өөдлөөд, унаж газарладаг
Учир тавилантай шаргал навчис аа!
Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би
Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!
Тормойх оддоос шүүдэр тосон
Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!
Цагийн шүүдрийг сүү шиг шимж
Цангасан шувуу шиг газраа тэврээч дээ, навчис минь!
Өнөө уналаа ч маргааш ургадаг
Өөдийн заяатай шаргал навчис аа
Салхины ая даахгүй хийсэхийг чинь харахад
Санааны үзүүрт хөндүүр л байна даа
Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би
Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө
Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ!
Яруу найрагч Б.Ичинхорлоо "Зуун намар" шүлэг
Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагласаар л байх болно
Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар...
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир "Голын тохой дээр"шүлэг
Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Нуруу алаг ангир цоохор дуу гарган ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө
Тэр нэг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов
Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү
Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов
Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр гур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ
Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа.
Яруу найрагч Б.Лхагвасүрэн "Чамдаа"шүлэг
Навч минь би чиний
Гараас чинь хөтлөөд цуг хийсье тэгэх үү
Намрын бороонд хамтдаа даарч хонох
Ганцхан хоногийн зөвшөөрөл өгөөч
Чиний л дэргэд бүтэн шөнө бээрч хоноод
Чимээгүйхэн үүрээр хамтдаа цуг нисье
Шимширсэн гунигийн хатуу цээж өмөлж
Шархадсан шувуу шиг цоорхойг чинь энхрийлье, зөвшөөрөөч.
Яруу найрагч Б. Эрдэнэсолонго
Найранд уригдаж ирчихээд
Уйлж суугаа хүн шиг
Намар аа гэж...
Яруу найрагч Ж.Лхагва
Намрын сүүлчийн навч
Дэгээнд орсон загас шиг
Эцсийн удаа цовхчино...