Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Экологийн цагдаагийн албаныхан хамтарч өнгөрсөн амралтын өдрүүдэд шалгалт хийж, цөөнгүй зөрчил илрүүлжээ. Тухайлбал, тус аймгийн Гурванбулаг сумын II багийн Хөшөөтийн ам гэх газарт бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн зөрчилтэй нэг компанийн үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн Заг сумын Түүхийн хөндийд 9.7 га талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр холбогдох газарт албан шаардлага өгч, том оврын тeхник хэрэгсэл ашиглан ашигт малтмал хууль бусаар олборлож байсныг илрүүлжээ. Үүнээс гадна Жаргалант сумын Мандлын бөөрөг гэх газарт гурван иргэн зөвшөөрөлгүй олборлолт хийсэн. Бөмбөгөр сумын Улаан толгой гэх газрын голын эргээс 500 м зайд зөвшөөрөлгүй ухсан газрыг нь даруулан, хэргийг шалгаж буй гэнэ. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Б.Алтангадас “Албан байгууллагууд олборлолт хийхийг зөвшөөрсөн талбайг хэтрүүлэн ашиглах, эсвэл бичиг баримтаа бүрдүүлж байхдаа үйл ажиллагаагаа явуулах зэрэг зөрчил цөөнгүй гаргаж буй. Тийм учраас бичиг баримтаа бүрэн бүрдүүлж, зөвшөөрсөн талбайг хэтрүүлэн ашиглахгүй байхыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна. Цаашид Экологийн цагдаагийн албатай хамтран эвдэрсэн газрыг нөхөн сэргээлгэх ажлыг зохион байгуулна” хэмээн мэдээллээ.
Бэлтгэсэн: О.Алуунгуа