Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас "Яндангаа хөөлье" аяны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БОАЖЯ-ны сайд Д.Сарангэрэл "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийж байгаа өнөөдрийн хэвлэлийн хурал их ач холбогдолтой. УИХ-аар засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа юм. Мөрийн хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдол утааг 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг хэлэлцэж, батлагдах гэж байна.
Хоёр жил хүртэлх хугацаанд агаарын бохирдлыг 50-55 хувиар бууруулсан. Мөн агаарын бохирдлын асуудлын хажуугаар галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ард иргэддээ сэрэмжлүүлсэн, дэмжсэн мэдээлэл хэлье. Жил бүр галлагааны улирал эхлэхтэй зэрэгцэн эрүүл мэндийн байгууллагад угаарын хийн хордлоготой холбоотой 2500 хүн эмнэлэгт ханддаг. Түүнчлэн угаарын хийн хордлогын улмаас 15-20 хүн нас барж байгаа тооцоолол бий.
Тиймээс орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос есдүгээр сарын нэгнээс эхлэн "Яндангаа хөөлье" аяныг хэрэгжүүлж байгаа юм. Тус аяны талаар бодит жишээнүүд ч байна. Тухайлбал, айлын яндан голоороо хугарах дөхсөн үед галлагаа хийх болон яндангаа хөөлөөгүйн улмаас хөө хуримтлагдаад битүүрсэн тохиолдлууд гардаг. Тэр ч утгаараа дээрх аян нь мэргэжлийн байгууллагууд хамтарч ард иргэддээ ханын пишин болон зуух, яндангаа хэрхэн хөөлөх талаар мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилготой юм. Тиймээс хэвлэл мэдээллийн чиглэлийхэн орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллахыг уриалж байна" гэлээ.