Орхон аймгийн Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан алба хаагч ховордож буй хүрэн баавгайн эд, эрхтэн худалдах гэж байсан этгээдийг илрүүлэв. Тодруулбал, 29 настай, эрхэлсэн ажилгүй Б нь баавгайн хоёр ширхэг сарвуу борлуулахаар тус аймагт явж байж. Хэдэн сарын өмнө ч Төв аймгийн Мөнгөнморьт сумын Захарын даваа гэх газраас иргэн А, З, Т нар гурван хүрэн баавгай агнаж, түүхий эд болох 12 сарвуу, тавхайг борлуулахаар бэлтгэснийг цагдаагийнхан илрүүлж байв. Монгол Улсын хуулиар хүрэн баавгайг ховор амьтанд тооцдог. Улмаар Эрүүгийн хуулийн 24.5-д зааснаар ховор амьтныг агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаадад гаргасан бол 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Эсвэл 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах юм уу, дээрхтэй ижил хугацаагаар хорих ял шийтгэдэг.