Өнөөдөр хуш модны самрын ургацын байдал болон, бусад холбогдох асуудлаар БОАЖЯ болон Экологийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
Энэ үер энэ жилийн самрын ургацын судалгааны талаар БОАЖЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа хэлэхдээ" Хуш модны самрын тухайн жилийн ургацын байдлыг аймаг, сумдыг хариуцсан Ойн анги судлан тогтоодог. Тус судалгааны дагуу БОАЖЯ-ны харъяа "Ойн судалгаа, хөгжлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газар нь хушин ой бүхий аймаг, сумдад самрын ургацын тархацын байдал болцыг дээж аван судалж, дүгнэлт гаргасан.
Судалгаанд хамрагдсан газруудаас найман аймгийн 25 сумдын ойн санд хуш модны самар их ургацтай, 10 аймгийн 38 сум, Нийслэлийн ногоон бүсийн ойн санд дунд ургацтай байна. Ингэснээр Монгол Улсын хушин ой бүхий газруудын 39,7 хувь нь сайн, 60,3 хувь нь дунд ургацтай байна.
Түүнчлэн шинжилгээ, судалгааны зориулалтаар самар бэлтгэхэд 10кг хүртэл, ахуй зориулалтаар бэлтгэхэд 25 кг хүртэл хэмжээгээр олгодог. Харин үйлдвэрийн зориулалтаар тухайн сумын Засаг дарга Ойн ангитай зөвшилцөж, зөвхөн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр хуш модны самрыг бэлтгэж ашиглуулдаг.
Тухайн газраас үйлдвэрийн зориулалтаар хуш модны самрын нөөцийн 40 хүртэлх хувийг бэлтгэх бололцоотой. Ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэлх хоног, нөхөрлөл аж ахуй нэгж байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатай олгодог" гэлээ.