Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа-2” хорооллын автобусны буудлын ойролцоох явган хүний замыг хашиж, нэгэн компани барилга барьж эхэлснийг оршин суугчид мэдээлэв. Тухайлбал, тус хорооллын орчимд тоос шороо босож, том оврын автомашинуудын дуу чимээ иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах болсон аж. Тэнд энэ сарын 24-нд очиход барилгын ажил ид эхэлж байв. Энэ үеэр нэгэн оршин суугч шугам хоолой суурилуулж буй ажилчнаас “Барилгын хашааг тойрч явахад хүндрэлтэй байна.
Хэн, ямар зориулалтаар барилга барьж буй юм бэ” гэж уцаарлангуй асуусан. Барилгын ажилчин “Хууль, шүүхийн байгууллагын ажилтнуудын орон сууц барих юм. Олон жил ажилласан ахмад ажилтнуудыг оруулна гэсэн” хэмээв. Уг барилгын төслийн инженер У.Энхбаяр “Ирэх дөрвөн жилд энэ газарт орон сууцын найман барилга барихаар төлөвлөсөн. Гурвыг нь 2022 онд ашиглалтад оруулахаар “Utam construction” компанийнхан ажиллаж байна. Прокурорын газрын ахмад ажилтнуудад зориулсан орон сууц барих юм” гэлээ.
“Буянт-Ухаа-2” хорооллын оршин суугч “Тоос шорооноос болж цонхоо ч нээж чадахгүй байна. Хороо, эсвэл дүүргийн холбогдох албаныхан энд барилга барих болсон талаар оршин суугчдад мэдэгдээгүй. Гэнэт л нэг өдөр хашаа татчихсан. Нэг удаа шаардлага тавьж, ус цацуулсан ч цагийн дараа хатчихсан. Хорооны ажилтнууд, СӨХ-ныхон үүнд анхаармаар байна” хэмээв. Прокурорын байгууллагынхан 90 жилийн ойгоо угтаж, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 600 айлын орон сууцын хорооллын шавыг өнгөрсөн зургадугаар сарын 4-нд энэ газарт тавьсан аж.