Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдсон мэс заслын эмч Д.Тодномбат, нойрсуулагч эмч Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”-т заасан гэмт хэрэгт Д.Тодномбат /мэс заслын эмч/, Б.Мөнгөнчимэг /нойрсуулагч эмч/ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн.
Хэлэлцүүлгээр
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох
- Гэрч Д.Тодням /Тод каннам эмнэлгийн захирал/-ын оролцоо байгаа эсэх болон иргэний хариуцагчаар тогтоох эсэх
- Яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй
- Нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилуулах зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар